Ж.Чинбүрэн: Сүрьеэгүй улс, үндэстэн болох зорилго тавих ёстой

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчид болох БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн дарга Жан Сын Жүн, Олон улсын хамтын ажиллагааны төвийн төслийн менежер Со Сог Хёнг, Олон улсын хамтын ажиллагааны төвийн мэргэжилтэн Ким Сон Жонг, Эрүүл мэндийн төслийн төвийн дарга Ан Бёнг Чол, Эрүүл мэндийн төслийн багийн ахлагч Ун Жин Хи нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны НЭМБГ-ын даргын албан үүргийн хавсран гүйцэтгэгч Д.Баярболд, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд оролцлоо.

БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг нь манай улсад сүүлийн арван жил тасралтгүй сүрьеэтэй тэмцэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлcэн. Уг байгууллага нь дэлхийн 17 улсад энэ чиглэлээр ажилласан туршлагатай байгууллага бөгөөд Монгол улсад хамгийн урт хугацаанд, тогтвортой төслөө хэрэгжүүлсэн гэдгээ уулзалтын үеэр онцолж байв. Цаашид ч манай улсад төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналаа өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаныханд илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ: Сүрьеэ өвчин ул мөргүй арилан мөхөхгүй ч гэсэн сүрьеэгүй улс, үндэстэн болох зорилго руу Монгол улс технолгид суурилсан цогц арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд олон улсын хамтын ажиллагаа чухал хэсэг. Сүрьеэгийн халдварыг илрүүлэх, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд илүү анхаарах хэрэгтэй цохон тэмлэглэв. Цаашид хоёр тал хамтран өнгөрсөн арван жилийн ажлынхаа үр дүнг бодитоор тооцон гаргаж, судалгаа туршлагад суурилсан үр дүнтэй ажлыг эхлүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллахад бэлэн гэв.

Уулзалтаар БНСУ-ын Сөүл хотод 2025 оны 9-р сарын 16-17-ны өдрүүдэд болох “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний наймдугаар хуралд Монгол улсаас оролцох төлөөлөгчдийн талаар санал солилцлоо. Тус хурлыг анх 2018 онд Монгол Улсад зохион байгуулснаас хойш тасралтгүй 8 дахь жилдээ зохион байгуулж, Азийн 10 гаруй орны эрдэмтэн судлаачид жил бүр хуран чуулдаг томоохон олон улсын эрдэм шинжилгээний уламжлалт хурал болтол өргөжүүлэн хөгжүүлэхэд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ихээхэн хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж, дурсгалын зүйл гардуулж өглөө.

Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрсдэлт бүлгийн хүн амын дунд идэвхтэй илрүүлэлтийг тасралтгүй, тогтвортой хийж ирсэн нь өнөөдөр бидэнд явуулын үзлэг шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад загвар болохуйц үйл ажиллагааны нэг болж байна.

Монгол Улсад хэрэгжүүлж буй сүрьеэгийн төсөл 2026 онд дуусах тул цаашид төслийг үргэлжлүүлэх, ялангуяа сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарч буй шинэ технологийг хурдацтай нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Сүүлийн 10 жилд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн үр дүн, түүнийг олон улсын түвшинтэй харьцуулахад ямар байгаа, цаашид ямар чиглэлээр хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах, БНСУ-ын сүрьеэ өвчинтэй тэмцэж ирсэн сайн туршлагаас Монгол Улсад нэвтрүүлэх, түүнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

БНСУ-ын СҮСН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэхэд дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ