Ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид хоёр сар ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэдэг техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай өнөө өглөө танилцлаа.

Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техникүүд, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч нохдын үзүүлбэрийг сонирхуулсан юм.

Улсын хэмжээнд бүртгэдэг бүх төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэжээ. Энэ жил ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид хоёр сар ажиллалаа.

Тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, ОХУ-ын Улаан-Үд хотод 2015 оны есдүгээр сард гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны II сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажилласан зэргээр улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгээд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар алба хаагчдад хандаж, хэлсэн үгэндээ "Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэр төртэй биелүүлдэг та бүхэндээ юуны өмнө халуун баяр хүргэе. Онцгой байдлын байгууллага бол онцгойлон анхаарах ёстой салбаруудын нэг. Тиймээс өнөөдөр өөрийн биеэр ажиллаж, техник, хэрэгсэлтэй танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.

Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч та бүхнийхээ техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн хангалтыг сайжруулахад анхаарч, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Засгийн газраас бүх талаар анхаарна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ