ЦУОШГ: Халтиргаа үүсэж, тариа ногоо хайрагдаж болзошгүй

Монгол орны ихэнх нутгаар цас бороо орсноос зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, төмс хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тодруулбал, есдүгээр сарын 13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Сүхбаатарын нутгаар, 14-нд Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байх аж.

Мөн есдүгээр сарын 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин