Есдүгээр сарын 17-наас тэгш, сондгойгоор зорчихгүй

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Есдүгээр сарын 17-ноос эхлэн автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй” гэж мэдэгдлээ. Хичээлийн шинэ жил эхлэх бүрийд Улаанбаатар хотын хэмжээнд автомашины түгжрэл ихсэж, 0 зогсолт болох тохиолдол олон. Иймээс нийслэлээс наймдугаар сарын 27-ноос эхлэн ажлын өдрүүдэд автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг есдүгээр сарын 16-ныг дуустал хэрэгжүүлэхээр болсон. Цаашид үргэлжлүүлэх эсэх асуудал дээр иргэд хоёр өөр байр суурьтай байсан ч дугаарын хязгаарлалт нь түгжрэлийг сааруулах шийдэл биш тул цуцлах нь зүйтэй гэж нийслэл үзсэн бололтой, есдүгээр сарын 17-ноос эхлэн хязгаарлалтгүйгээр автомашинаа унан хөдөлгөөнд оролцох болж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас түгжрэлийг бууруулах хүрээнд шинээр зургаан чиглэлд автомашины нэгдүгээр эгнээг чөлөөлнө гэж мэдэгдээд буй. Учир нь, Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордон чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр иргэдийн автобус хүлээх хугацаа багасаж, автобусны дундаж хурд нэмэгдсэн. Жишээлбэл: М:1 “5 шар- Офицеруудын ордон” чиглэлийн автобусны нэг рейсийн зарцуулах хугацаа 110 минут байсан бол автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болсноор 80-90 минут болж багассан байдаг. Иймээс дараах чиглэлүүдийг чөлөөлөхөөр төлөвлөж байна.
1. 3,4-р хорооллын эцэс- Цайз /Энэбишийн өргөн чөлөө, Доржийн гудамж/
2. Офицеруудын ордон- Ботаник /Цагдаагийн академийн өргөн чөлөө/
3. Ботаник- Улиастай Зунжин-Сүхбаатарын талбай /Чингэлтэйн өргөн чөлөө/
4. Сүхбаатарын талбай-Зайсан /Чингисийн өргөн чөлөө/
5. Тэмээтэй хөшөө- Нисэх /Наадамчдын авто зам/
6. 3,4-р хороолол- 100 айл /Их тойруу/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ