“Авлига хороолол”-д холбогдох шүүх хурал дахин хойшилжээ

Улаанбаатар хотын төвд баригдсан “Aqua Garden” буюу иргэдийн нэрлэж заншсанаар “Авлига хороолол”-ыг нураах эсэх асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна. Хотын удирдлагын зүгээс хууль зөрчин баригдсан гэж үзэж, 2023 оны наймдугаар сард тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоёр блокыг албадан буулгах захирамж гаргаж байсан ч уг шийдвэр албажаагүй өнөөг хүрэв.

“Онч шийдэл” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, хуульч Ш.Алтангадас хэлэхдээ,

“Анх бид олон нийтийн эрх ашгийг хамгаалахаар 2022 онд шүүхэд хандахад барилгын суурийн цутгалт эхэлж байсан. Түүнээс хойш барилга дуусч, ашиглалтад орчих шиг боллоо. Гэвч өргөдөл өгснөөс хойш гурван жилийн хугацаанд нэг ч удаа анхан шатны шүүх хурал болсонгүй" хэмээн мэдэгдэв.

Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 11-д хурал товлогдсон байсан ч гуравдагч талын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээдүй гэх шалтгаагаар дахин хойшилсон байна. Улмаар шүүх хурлыг 14 хоногийн дараа дахин товложээ.

Өнгөрсөн хугацаанд иргэдийн тавьсан шаардлага, шүүхэд гаргасан өргөдөл бодитоор хэлэлцэгдэхгүй, удааширч байгаа нь нийгэмд шүүхийн тогтолцооны үр нөлөө хаана байна вэ гэх асуултыг тавихад хүргэж байна.

Нөгөө талаас, “Aqua Garden” төслийг хэрэгжүүлэгч компани хууль зөрчөөгүй, бүх зөвшөөрөл, баримт бичиг нь хүчин төгөлдөр байсан учир барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлсэн гэж тайлбарлаж байгаа юм. Хотын шинэ удирдлагын зүгээс ч уг асуудал шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байхад ямар нэг алхам хийх боломжгүйг мэдэгдсэн.

Ийнхүү барилга ашиглалтад орсон ч эрх зүйн маргаан тасралтгүй үргэлжилж, гурван жилийн хугацаанд нэг ч удаа бодитоор шийдвэрлэгдээгүй нь нийслэлийн иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин