Боксын Л.Алтанцэцэг, А.Баттулга, чөлөөт бөхийн Т.Тулга нар ДАШТ-ээс медаль хүртэв

Английн Ливерпуль хотноо 2025 оны боксын ДАШТ болж, өчигдөр/2025.09.14/ өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын арван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга мөнгөн медаль хүртэв.
А.Баттулга финалд Казакстаны туршлагатай тамирчин Санжар Ташкенбойтой тулалдан ялагдал хүлээсэн. Гэхдээ залуу тамирчин анхныхаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, том туршлага хуримтлууллаа. Түүний мөнгөн медаль Монголын эрэгтэй боксчдын дэлхийн аваргаас хүртсэн 13 дахь медаль, тав дахь мөнгөн медаль болов. Мөн 2019 онд Э.Цэндбаатар Екатеринбургийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байснаас хойш зургаан жилийн дараах анхны медаль болжээ.
Харин Л.Алтанцэцэг Монголын боксын түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилтын эзэн боллоо. Тэрбээр дэлхийн аваргаас хос медальтан болсон анхны эмэгтэй боксчин гэх алдрыг зүүнэ. 2023 онд Энэтхэгт болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр энэ удаад дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв.
Л.Алтанцэцэг хагас шигшээд буюу мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Минакшитай тулалдаж ялагдал хүлээсэн юм. Гэхдээ л дэлхийн тамирчин гэдгээ харуулж, медальд хүрэв.
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.ТУЛГА ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
“Загреб-2025” ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын шигшээ баг анхны медалиа авлаа. Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга финалд Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн болов.
Ингэснээр Т.Тулга ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай болж байна. Энэ нь чөлөөтийн тамирчдын ДАШТ-ээс хүртсэн Монголын 29 дэх мөнгөн медаль юм. Эрэгтэй бөхчүүдээс хамгийн сүүлд гавьяат тамирчин П.Өнөрбат 2015 онд, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн түүхтэй.
Мөн эрэгтэйчүүдийн 79 кг-д зодоглосон ОУХМ Олонбаярын Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд 23 хүртэлх насны Пан Америкийн аварга АНУ-ын Леви Хайнест 4:1-ээр харамсалтай дийлдэв. Өнөөдөр О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ