Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна.

Үүнээс эхний 4 тулгуурыг суурилуулаад байна.

Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах 1 болон 2 дугаар баганыг өнгөрсөн долоо хоногт бэхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур тулгуур багана суурилуулах ажил дуусна.

Энэхүү төслийн I шугамын урт 4.2 км, 6.45-42 метр өндөр хоёр зогсоолтой, цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байна. 

Төслийн бүтээн байгуулалтыг Францын “Пома групп”-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.

 “Моннис инженеринг” ХХК-ийн төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах энэхүү тулгуур багана нь 5.5 – 9.5 метрийн өндөртэй. Харин өндөрлөг газар буюу зарим хэсэгт 42 метр өндөртэй тулгуур баганыг суурилуулна. Ил харагдах тулгуур багануудын дор, газрын гүнээс доош 20 метрт суурийг бэхэлж суурилуулсан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийсэн” гэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ