“Жирэмсэн эх, хүүхдийн шүдийг даатгалаар эмчилнэ”

Нийслэлийн Шүд эрүү, нүүрний төвөөр үйлчлүүлэхдээ 0-6 насны хүүхэд нэг жилд таван шүд, 7-18 насны хүүхдийн нэг жилд зургаан шүдийг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй эмчилж байна. Мөн жирэмсний хяналтад байгаа эмэгтэйн шүдний тоо хамаарахгүйгээр бүх шүдийг нь үнэ төлбөргүй үзэх ЭМЗҮД-ийн 05 дугаар тогтоолыг 2025 оны нэгдүгээр сараас батлагдан, хэрэгжүүлж байна.

Харин насанд хүрэгчдэд эрүүл мэндийн даатгал хамаарахгүй болсон гэдгийг тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Эрдэнэсайхан мэдээлсэн юм.

Тэрбээр “Иргэд шүд эрүү, нүүрний эмчилгээ хийлгэх бол Эрүүл мэндийн сайд болон Сангийнн сайдын хамтарсан тушаалаар төлбөртэй үйлчилгээ авч байна. Шүдний ломбо 48 мянган төгрөг, сувгийн эмчилгээ нь 15 мянган төгрөг болдог. Иргэдийн хувьд цахимаар цаг авч сурсан. Манай төвийн зүгээс цахимаар цаг аваад гурван жил болсон байна. Нүүр амны гажиг заслын цагийг долоо хоногийн Даваа, Лхагва гаригт олгож байгаа бол хиймэл шүд хийлгэхэд цаг авах шаардлагагүй, иргэд тухайн өдөртөө үйлчлүүлж болно. Мэдээж эрүүл мэндийн даатгалаар хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж байгаа учраас хүүхдийн тоо нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд Монгол Улсын бүх иргэд гурван шүдээ эрүүл мэндийн даатгалаар үзүүлдэг байсан бол одоо зөвхөн хүүхдийн шүд үзэж байна” гэсэн юм.

Нийслэлийн Шүд эрүү, нүүрний төвд нийт 38 эмч мэргэжилтэн ажилладаг байна. Нэг  эмч дээр өдөрт 13 хүн эмчилгээ хийлгэдэг гэдгийг албаныхан мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ