Эрэн хайх ажиллагаа 4 дэх өдрөө үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газраас сураггүй болсон бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өглөөний 9.40 цагт 320 хүн мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу хоёр эгнээгээр ойг самнаж байна" гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дэд дарга, Засаг даргын орлогч Ц.Гансүх мэдээллээ.

Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111-р анги, аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, Хилийн цэргийн 0257-р анги, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр сумын ЗДТГ-ын мэргэжлийн анги, ар гэр, сайн дурын иргэд, 66 автомашин, 1 эрэлч нохой, 7 дрон, 17 мотоцикль, 44 морьтойгоор 8 бүлэгт хуваагдан ажилласан байна.

Эрлийн ажиллагааг явганаар самналт хийж, мотоцикль, мориор уулын бэл болон бартаат газруудад, нисдэг тэрэг болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаараас тандалт хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг өчигдөр орой түр зогсоож, өнөөдөр өглөө 07:00 цагт эрлийг дахин эхлүүлнэ гэж эрлийн шуурхай штабаас мэдээллээ.

May be an image of 13 people and people camping

СЭТГЭГДЭЛ БИЧИХ