Үл хөдлөх хөрөнгө борлуулахад 2 хувийн татвар авч байгааг хүчингүй болгохыг дэмжив

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.22/ хуралдаанаар үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэн, дэмжлээ. Хуульч О.Батхүү дээрх татварыг хүчингүй болгох шаардлагатай гэсэн асуудал хөндөж, энэ саналыг 100 мянган иргэн дэмжсэн юм. Иймээс байнгын хороогоор хэлэлцлээ. Ингэхдээ байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дээрх татварыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн тул Төсвийн байнгын хороонд санал дүгнэлт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Өргөдлийг хэлэлцэх үед гишүүд асуулт тавьж, холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг хүчингүй болгосноор ямар сөрөг үр дагавар гарах вэ. 60, 70 байртай хүн хэчнээн байдаг вэ. Хашаа байшингаа зараад байр авахад 4 хувийн татварын ачаалал үүсэх эрсдэл байдаг. Хоёр хувийн татвараар жилдээ хэдэн төгрөг цугладаг вэ?
Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров:
-1993 он буюу орчин цагийн татварын тогтолцоо бүрдсэн үеэс үл хөдлөх хөрөнгө борлуулахад хоёр хувийн татвар ногдуулж эхэлсэн. 33 жилийн хугацаанд тогтовортой хэрэгжиж байгаа хууль юм. Жил болгон төлдөг тогтмол татвар биш. Байр худалдан авч ашиглаад борлуулахад нь буюу хамгийн сүүлийн шатанд нь ногдуулж байгаа нэг удаагийн шинжтэй татвар. Сум, дүүргийн татвар. Тухайн орлого анхан шатанд төрийн үйлчилгээ үзүүлэхэд маш чухал эх үүсвэр болдог. 2024 онд 55 мянган татвар төлөгчөөс 115 тэрбумын орлого төвлөрсөн статистик байна.
Олон улсын жишгийг судалж үзсэн. Байр худалдан авахад нь НӨАТ авдаг, амьдран суух буюу эзэмшихэд нь хөрөнгийн татвар авдаг, борлуулахад нь бас хөрөнгийн өсөлтийн татвар авдаг жишигтэй.
Манай улсын хувьд орон сууцжуулах бодлогыг дэмжих зориглоор анх удаа орон сууц авахад 6 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт өгдөг. Амьдран сууж байгаа, эзэмшиж байгаа орон сууцыг татвараас чөлөөлж, тухайн орон сууцаа зарах үед нь нийт дүнгийн хоёр хувийн татвар авдаг. Өөрөөр хэлбэл, худалдан борлуулахаас өмнөх шат хүртэл 200 хүртэл сая төгрөгийн үнэтэй байр авахад хоёр жил амьдраад зарлаа гэж үзэхэд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлсөн буюу 8 сая төгрөгийн хөнгөлөлт, үүн дээр нэмэх нь байр худалдан авахад нь өгч байгаа дэмжлэг 6 сая нийт 14 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, худалдах үед нь 2 хувийн татвар ногдуулж байгаа. Харин тухайн байрыг худалдан авч байгаа иргэн эргээд 6 сая хүртэл төгрөгийн дэмжлэг авахаар байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Төсөвт ямар хүндрэл учруулах вэ гэхээр анхан шатанд хэцүү гээд байх юм. Та бүхэн тоо ярих ёстой. Төсөвт хэдий хэмжээний татварын төвлөрөл байхгүй болох вэ. Хийсэн тооцоо судалгаа байна уу. Орон нутагт анхан шатны дэмжлэг болдог гэлээ. Хэдэн төгрөг төвлөрүүлээд ямар зардал гаргадаг юм. Зарж байгаа дээр нь дэмжихгүй худалдан авч байгаа дээр нь дэмжлэг үзүүлнэ гээд байна. 100 сая төгрөгөөр байр авах гэж байсан хүн 2 хувиа татварт өгөхөөр хасагдана биз дээ.
Сангийн яам:
-Олон улсад хөрөнгө борлуулсны орлогыг хоёр төрлөөр ногдуулж байгаа. Нэг нь тухайн хөрөнгийг худалдан авсан дүнгийн зарсан дүнгээс хасаад ашиг дээр нь татвар ногдуулж байгаа. Нөгөө нь нийт дүнгээр нь буюу Монгол Улсад хэрэглэж байгаа нийт дүн дээр ногдуулж байгаа. Бүртгэл муутай, хөгжиж буй улсууд нийт дүн дээр татвар ногдуулдаг.
1993 оноос хойш энэ хуулийг хэргжүүлэхдээ нийт дүнгээс нь 2 хувийн татвар ногдуулаад эхэлсэн.
Улс орнуудын тухайд судалхад Грек улс ашгаас 15 хувь, Хорват 12 хувь, Гүрж 20 хувиар тооцдог. Латви, Серби, Кеин улсууд 25 хувиар татвар ногдуулдаг. Хөгжингүй орнууд ХХОАТ-ынхаа ерөнхий хувь хэмжээнд оруулаад өндөр нолдуулдаг. Жишээлбэл, Австри 27, Герман 26, Франц 30, Итали 26 хувийн татвар ногдуулдаг.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
-Амьдралаа сайжруулах нөхцөл бүрд татвар аваад байгаад иргэд бухимдалтай байгаа. Татвараас чөлөөлнө гэхээс илүү хоёр хувийн татвараа төлөөд дараагийн байраа авч байгаа иргэдэд ХАОАТ-аар дамжуулан анхны байр авч байгаатай ижил урамшуулал олгох байдлаар шийдэх боломж байдаггүй юм уу.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Татвараа оновчтой ногдуулж чаддаггүй, ерөнхийд нь тавьдаг юм байна. Ченж байдлаар зардгийг ялгадаггүй, бүгдэд нь хоёр хувийн татвар тавьдаг нь бүдүүлэг арга. Сангийн яам Татварынхан ажлаа хийж чадахгүй байна. 50 м2 байртай байж байгаад ам бүл нь өсөөд 80 м2 байр авлаа гэхэд өртөг нь тодорхой. Өмнөх байраа зараад түүн дээрээ нэмж зээл аваад тэр нь өртөг. Энийг тооцож чадахгүй гэдэг нь амархан ажлыг хийж чадахгүй байна. Тийм учраас хоёр хувийн татвар дээр хэнд нь хөнгөлөх вэ, хэнээс авах вэ гэдгээ тодорхой болгох. Эцсийн дүндээ татварын бодлого иргэдээ яаж орон сууцжуулах вэ гэдэг бодлого байх ёстой. Нэг байр зарахад дээр нь шууд 20 сая төгрөг нэмж зарж, тэрбум, тэрбумын ашигтай ажиллаж байгаа агентаас татвараа сайн авч чаддаггүй хэрнээ орон сууц авах гээд зүдэрч байгаа иргэнээс хоёр хувийн татвар авах нь оновчтой бодлого биш. Энэ тал дээр татварын тодорхой санал боловсруулж ир, хэрэв үгүй бол гишүүд хууль санаачлах эрхтэй.Татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ