Хайран хүмүүсийг хядсан муусайн оросууд

-Лхүмбийн гэх хэрэг хэрхэн өрнөж эцэслэв-
Хэдхэн өдрийн өмнө орон даяар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэлээ.
Асар их уй гашуу дагуулсан тэрхүү аймшигт хар сүүдэр “Лхүмбийн хэрэг” гэгчээс эхтэй. Тэгвэл “Лхүмбийн хэрэг” анх яаж эхэлсэн бэ. 1930 оны эхэн үе гэхэд Япон Манжуурыг бүрэн эзэлж, БНМАУ, ЗХУ-тай шууд хиллэх болсноор гурав дахь улстай хил залгах болжээ.
Японы тагнуулын байгууллага Манжуурт суурьшсан орос, буриад иргэдийг ЗХУ-ын эсрэг тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаанд өргөнөөр ашиглах болж, түүгээр шалтаглан 1932 оны хавраас Зөвлөлтөөс Монголд дагаар орсон буриад нарыг гэсгээх И.В.Сталин, түүнийг тойрон хүрээлэгчдийн бодлого хэрэгжих үүд хаалга нээгдсэн байна.
Эл бодлогын эхлэл болгож, ЗХУ-ын Дотоодыг хамгаалах Ардын комиссариатын газраас “Цепочкин” нэрээр 1933 оны хавар урьдчилан боловсруулсан “Лхүмбийн толгойлсон япон тагнуулын байгууллага” гэгчийг зохиомлоор бий болгожээ.
Нэгэн баримт сөхөхөд 1936-1937 онд Зөвлөлтөөс Монголд Элчин сайдын яамны зөвлөх байсан А.С.Скрипко мэдүүлэхдээ “Монголд гэм зэмгүй олон хүнийг хууль бус аргаар мөрдөн байцааж, эрүүгийн гэмт хэргийг зохиомлоор буй болгох ажлыг Монголын ДЯЯ-нд ажиллаж байсан ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариатын газрын зөвлөх, сургагч мэргэжилтнүүд удирдан монгол ажилтнуудын гараар үйлдүүлж, төр засгийн гол удирдлага Лувсаншарав, Амар, Чойбалсан нараар зөвшөөрүүлэн хийлгэсэн юм” гэснээс хэлмэгдүүлэлт явагдсан бодит дүр зургийг харж болно. “Лхүмбийн хэрэг” гэгч нь өнгөн дээрээ япон тагнуулын хэрэг гэх сэтгэгдлийг нийтэд төрүүлэхийг оролдож байсан боловч цаад агуулга нь монгол үндэстнийг нэгдэн нийлэхийн эсрэг их гүрний зүгээс явуулж байсан бодлого байсныг эрдэмтэн судлаачид хэлж байна.
Тухайн үед А.Амар, Г.Дэмид, Ж.Лхүмбэ нарын удирдагчид монгол үндэстнээ нэгтгэх, Манж-Го улстай дипломат харилцаа, Япон улстай хэвийн худалдааны харилцаа тогтоох, хилийн будлианыг хэлэлцээрийн замаар зохицуулах, И.В.Сталин зэрэг зөвлөлтийн удирдагчид хэрхэн хандахыг судлах, эдийн засгийн хувьд өр зээлгүй болох зэрэг бодлого баримталж байжээ.
Энэ нь их гүрний удирдагчдын таалалд үл нийцэн Монголын удирдагчдыг устган хэлмэгдүүлэх гол шалтгаан болсон.
Лхүмбийн гэх хэргийг Хэнтий аймгийн Онон-Дадал хошууны Дотоодыг хамгаалахын төлөөлөгч Данзан гэгчийн хувийн өс хонзонтой үйлдэл мэдээллийг ашиглан үүсгэжээ.
Данзан нь Дадал сумын хоршооны эрхлэгч Р.Цэвэгжав зэрэг олон хүнийг “Монголоос оргон зайлж, Японы талд урвасан Ш.Дамдин гэгчтэй харилцаж, тагнуулын үйл ажиллагаа явуулж байна” гэж Хэнтий аймгийн Дотоодыг хамгаалах ангийн дарга Л.Рэнцэнд мэдээлснийг нягтлан шалгаж, баримтжуулалгүйгээр Дотоодыг хамгаалах газрын дарга Д.Намсрай, М.Ф.Чибисов нарт танилцуулж урьдчилан төлөвлөсөн “Лхүмбийн толгойлсон япон тагнуулын байгууллага” хэмээх зохиомол хэрэг бүрдэх нөхцөл бүрэлджээ.
Р.Цэвэгжавын бүлэг хэмээн баривчлагдсан 174 хүний дотроос С.Эрэнцэн, М.Цэвээн нарын мэдүүлгээр “Лхүмбэ нь тус байгууллагын удирдагч мөн” гэсэн мэдүүлгийг гаргуулж авсан байна. С.Эрэнцэнгээс “Лхүмбийг урьд нь огт харж байгаагүй. Худал нүүрэлдэж байсан” хэмээн 1961 онд өөрийн гаргасан тодорхойлолтдоо мэдүүлсэн байдаг. Эдгээр 174 хүний 151 нь буриад байсан нь Зөвлөлтийн зүгээс буриад нарыг гэсгээх бодлогын нэгэн баримт ажээ.
Жамбын Лхүмбэ нь Дорнод, Хэнтийд нүүн ирж суурьшсан ядуу буриад иргэдийг төвд шилжүүлэх, ажил эрхлүүлэх зорилгоор “Буриадын хурал”-тай гэрээ байгуулсан нь түүнийг эсэргүү хэрэгт холбогдуулах бас нэгэн шалтаг нь болжээ.
Ийнхүү ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч А.Я.Охтины зөвлөснөөр Дотоодыг хамгаалах газрын нэрийн өмнөөс МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн дарга Ж.Лхүмбийг баривчлахыг тус газрын дарга Д.Намсрайд зааварлан, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир, Ерөнхий сайд П.Гэндэн нараас зөвшөөрөл авч баривчилжээ.
“Лхүмбийн” хэмээх хэргийг гурван групп болгон таслан шийтгэсэн ба гэрч үлдээхгүйгээр шийдсэн. Хэнтийн групп хэмээх Р.Цэвэгжав тэргүүтэй 174 хүний хэргийг 1933 оны 11 дүгээр сарын 3-нд Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрай тэргүүтэй тусгай комисс нууцаар тасалж, 30 хүнийг ялын дээд хэмжээ, бусдыг нь 5-10 жил хорихоор зааж, 86 хүнийг гадаадад цөлсөн байна.
Төвийн групп буюу Ж.Лхүмбэ толгойтой 33 хүний хэргийг 1934 оны 6 дугаар сарын 25-нд мөн Намсрай тэргүүтэй тусгай комисс нууцаар тасалж, 12 хүнийг буудан алахаар тасалсны долоогУлсын Бага Хурал өршөөж, таван хүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэжээ.
Дорнодын группт 78 буриадыг оролцуулсан ажилчин, албан хаагч, энгийн ард бүгд 110 хүнийг хамруулж, 1933 оны 11 дүгээр сард тусгай комисс нууцаар тасалж, 18 хүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэжээ.
Хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн Дотоодыг хамгаалах газар /До яам/, түүний ногоон малгайтнууд дотроос уг хэргийн зохиомол болохыг илчилсэн, эсэргүүцсэн ажилтнууд “Японы тагнуулын хамсаатан” нэр зүүх болж, бас олноор хэлмэгдсэн байдаг. Мөн ДХГ-ын орлогч дарга С.Гиваапил нарын хүмүүс орос сургагчдын хууль бус ажиллагааг эсэргүүцсэнийхээ төлөө ажлаасаа халагдан ЗХУ-д цөлөгджээ.
Судалгаанаас үзэхэд 1930-1940 онд ДХГ-ын дарга, ДЯЯ-ны сайд нарын 83,3 хувь, орлогч сайд, орлогч дарга нар 100 хувь, ДЯЯ-ны газрын дарга нарын 75 хувь, хэлтсийн дарга нар 100 хувь, тасгийн дарга нарын 91,6 хувь, гүйцэтгэх ажилтнуудын 40 хувь, төвийн бүх аппаратын ажилтнуудын 80,3 хувь нь баривчлагдан шийтгэгджээ.
Уг хэргийг хууль бус аргаар мөрдөн байцааж, шүүн тасалж буйг эсэргүүцэн ДХГ-ын орлогч дарга байсан Гиваапилээс Намын Төв Хороонд 1935 оны 2 дугаар сарын 25-нд бичсэн өргөдөлдөө “Ялтныг байцаахдаа зовоох, айлгаж сүрдүүлэх, нойр хоолгүй суулгах зэргийн хэдэн арван зүйлийн арга хэрэглэж байсан ба хэрэв Хэнтийд нэг ялтныг 72 цаг амралтгүй суулган зовоож байсан бол Улаанбаатарт долоон өдөр шөнийн 168 цаг буюу түүнээс дээш хугацаагаар амралтгүй суулган байцааж байсан.
Хэрэгтнүүд айн бачимдахдаа амь завсарлахыг бодож худал ташаа зүйлийг мэдүүлдэг байсан. Асуусан бүгдийг ам дагуулан “мөн”, “тийм” гэх мэтээр зөвшөөрч өөрийгөө гүтгэдэг байсан” гэжээ.
1932-1936 онд ДХГ-ын дарга байсан Д.Намсрай хожим Тува улсад элчин сайдаар сууж байх үедээ ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын дарга Г.Г.Ягодад 1936 оны 6 дугаар сарын 20-нд бичсэн захидалдаа “Таны их газрын хүндэт ажилчны үүрэг нэрийг хадгалан таны өмнө хүлээсэн чухал хүнд тусгай үүрэг тангаргаа хэрэг дээр биелүүлж яваад Ж.Лхүмбэ нарын гэмгүй хүмүүсийг санаатайгаар харгис эрүү шүүлтээр хавчиж, хилс хэрэг хүлээлгэсэн” хэмээсэн байна.
“Лхүмбийн хэрэг”-ийн явцад уг хэрэг үнэн бодитой эсэхэд Ерөнхий сайд А.Амар, Улсын бага хурлын дарга Д.Догсом, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч бөгөөд Бүх цэргийн жанжин Г.Дэмид нар эргэлзэн эсэргүүцэж, уг хэрэгт ял эдэлж, хилсээр шийтгэгдэн хоригдож байсан хүмүүсийг Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан өршөөлөөр сулласныг 1936 оны 8 дугаар сарын 1-нд Намын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гарган буруушааж, Д.Догсом, А.Амар нарыг зэмлэснээр хууль зүйг сахиулах гэсэн оролдлого эхлэл үедээ таслагджээ.
Монголыг монголоор нь буюу Зөвлөлт оросын хорон санаа ингэж биеллээ. Буриад олныг хэлмэгдүүлснийг хэлбэр талаас нь үзвэл Дотоодыг хамгаалахын газар болон хууль хяналтын байгууллагын ажлын алдаа мэт боловч угтаа ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариатын газраас өөрийн бие төлөөлөгч сургагч, зөвлөх, элчин төлөөлөгчдөөр дамжуулан МАХН-ын Төв хороо, УБХ, Ардын СнЗ-д нөлөөлөх замаар нэгд буриадуудад цохилт өгөх, хоёрт БНМАУ-ын нутаг дэвсгэрийг нийтэд нь хамарсан Японы тагнуулын байгууллага байгаа, гуравт уг байгууллагыг нам, төрийн эрх баригчдаас удирдаж байсан, дөрөвт Японы тагнуулын байгууллагын баруун хязгаарын хэсэг Шинжаантай, Дорнод хэсэг Баргатай, өмнөд буюу төвийн хэсэг Өвөрмонгол дахь эсэргүү нартай холбоотой мэтээр харуулах далд зорилгоо хэрэгжүүлсэн ажиллагаа болжээ. Энэ нь үнэн хэрэгтээ 1937 оноос эхэлсэн нийтийн дайчилгаа хэмээх их хэлмэгдүүлэлтэд нийгмийн сэтгэлзүйг бэлтгэх ажил байсан юм.
Тухайн үеийн нийгмийн аль сэхээрсэн, боловсорсон угсаа гарал бүхий ноёд, тайж, хутагт, лам, сэхээтэн нарыг сорчлон устгаж, их гүрний зүгээс цагаан цаасан дээр юу хүссэнээ бичиж болдгийн тод жишээг бодит байдал дээр харуулсан тухай өдгөөөгүүлж байна.
“Хэнтийн бүлэг”-ийн хэрэгт холбогдогсон 174 хүний ялын төлөвлөгөөнд “засаг төрийг устгахаар зэвсэгт бослого гаргаж, Дорнодын Баянтүмэнд Түр засгийн газар байгуулах зорилготой байсан” гэж тэмдэглэжээ. “Дорнодын групп”-ийн хэрэгт холбогдогсдыг шийтгэх ялын төлөвлөгөөнд “Монгол Улсын хувьсгалт Ардын засгийг устгаж, хуучны засаг төрийг байгуулах, тус улсыг Японы эзэрхэг түрэмгий нарын колони болгохын тулд Дорнод аймагт хувьсгалын эсэргүү бослогыг гаргаж, тэрхүү хувьсгалын эсэргүү бослогыг Хэнтийн бослоготой хавсран Баянтүмэнд түр засгийг байгуулах явдал мөн” гэж дурджээ.
Мөн төвийн бүлэг гэх 33 хүний хэргийг таслан шийтгэсэн ялын тогтоолд “Японы цэргийн ерөнхий штабтай харилцаж, эсэргүү тагнуулын ажлыг хийх ерөнхий төлөвлөгөө үйлдсэн, Японы штабын тагнуулын байгууллагад тус улсын онц чухал бөгөөд тагнуулын чанартай мэдээ материалуудыг бэлтгэн өгч байсан, цэргийн дунд эсэргүү ажлыг явуулж байгчдын нэгэн толгой этгээд тэр үед өөрийн удирдаж байсан штабын дайчилгааны ба хоёрдугаар газрын цэргийн элдэв чухал бичиг төлөвлөгөө зүйлийг Японы төлөөлөгчид өгсөн, Дорнод аймагт зэвсэгт бослого гаргах бэлтгэл ажлыг удирдаж байсан” гэх зэргээр уг хэрэгт холбогдсон цэргийн алба хаагчдыг буруутгасан байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ