"Мисс Монголиа-2025"-ын тэргүүн мисс Ц.Баярчимэг: "Мисс Монголиа-2025" тэмцээн миний гурван жилийн турш хүсэж мөрөөдөж, бэлдэж ирсэн тэмцээн

 Саяхан "Мисс Монголиа-2025" гоо бүсгүй шалгаруулах үндэсний тэмцээн болсон билээ. Тус тэмцээний тэргүүн миссээр шалгарсан Ц.Баярчимэгтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд сонирхуулъя.

-Юуны өмнө "Мисс Монголиа-2025"-ын тэргүүн миссээр шалгарсанд баяр хүргэе.

-Сайн байна уу? Баярлалаа. "Мисс Монголиа-2025" гоо бүсгүй шалгаруулах үндэсний тэмцээний ялагч, тэргүүн мисс болсондоо маш их баярлаж, талархаж байна. "Мисс Монголиа" тэмцээн маань 21 дэх удаагаа зохиогдсон нь энэ юм. -Энэ тэмцээнд яагаад оролцох болов?

-Би өмнө нь "Мисс Монголиа-2022" тэмцээнд Говьсүмбэр аймгаа төлөөлж оролцоод, шилдэг 15-д шалгарч байлаа. Түүнээс хойш өөртөө зорилго тавьж, гурван жилийн турш өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, туршлага хуримтлуулж бэлдсэн.

-Тэгэхээр "Мисс Монголиа-2025" таны анхны тэмцээн биш байх нь...

-Тийм ээ, анхны тэмцээн маань "Мисс Монголиа-2022". Энэ тэмцээнд хэзээ ч мартагдашгүй, гайхалтай дурсамжуудыг бүтээхээр оролцож байлаа. Тэр үед оролцож байсан 15 охин өөр өөрийн гэсэн онцлог, давуу талтай байсан нь мэдээж. Анхны тэмцээн маань миний өнөөгийн зорилгын эхлэл болж, БИ гэдэг хүнийг урлан бүтээхэд маш их хөшүүрэг болсон. Үүнээс хойш загварын олон тэмцээн уралдаан, шоу, зураг авалтад оролцлоо. Мөн хувь хүн талаасаа хэлний мэдлэг, харилцааны ур чадвараа хөгжүүлсэн шүү.

-Танай гэрийнхэн миссийн тэмцээнд оролцохыг тань хэрхэн хүлээж авав?

-Анх 2022 онд миссийн тэмцээнд оролцоно гэхэд төдийлөн дэмжээгүй, сайн ойлгодоггүй байсан. Гэхдээ тэмцээнд оролцсоны дараа зургууд болон нэвтрүүлгүүдийг үзээд хүлээн зөвшөөрч эхэлсэн л дээ. Харин энэ удаагийн тэмцээнд гэр бүлийнхэн маань бүхий л боломжоор дэмжсэн. Үргэлж дэмждэг хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа.

-Та түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-2025 он гарснаас хойш бүх зүрх сэтгэлээ энэ тэмцээнд зориулж бэлдсэн. Тийм ч учраас өөртөө их итгэлтэй байлаа. Би нэгэн багшийнхаа хэлсэн "Хөдөлмөр хүнийг тэжээнэ" гэсэн үгэнд маш их дуртайгаас гадна итгэдэг. Хүн амар хялбараар амжилтанд хүрнэ гэж хэзээ ч байдаггүй. Харин зорилгынхоо төлөө тууштай байж хөдалмөрлөвөл зорьсондоо хүрнэ гэдэгт бат итгэдэг ээ.

-Тэмцээнд хэдэн бүсгүй оролцов? Таны гол өрсөлдөгч хэн хэн байсан бэ?

-Энэ жилийн тэмцээнд Mrs буюу хүүхэдтэй ээжүүдийн мөн моделийн ангилал нэмэгдсэнээрээ онцлогтой байлаа. Шилдэг 13 оролцогч шалгарч, нэг сарын турш олон талаар өрсөлдсөн. Энэ жилийн Mrs ангиллын ялагчаар гурван хүүхдийн ээж, үзэсгэлэнт Будсүрэн эгч маань шалгарсан. Тэмцээний өрсөлдөгчдийн хувьд би охидтойгоо маш сайн, гоё найзууд болж чадсан, хэнтэй нь ч өрсөлдөөгүй. Миний өрсөлдөгч би өөрөө байсан. Өөрийгөө ялан дийлж, зорилгодоо хүрсэндээ баяртай байна. -Шагнал урамшууллыг нь уншигчид маань сонирхож байгаа нь лавтай. -Үндэсний ялагчийн шагнал гэвэл тэргүүн титэм, тансаг хөлөг онгоцоор аялах эрх, "Lasante" эмнэлгээр 2 сая төгрөгөөр үйлчлүүлэх эрх өгсөн. Мөн хамгийн том шагнал болох 63 дахь удаагийн "Miss International-2025" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхэм хүндтэй эрхийн эзэн боллоо.

-Тэргүүн миссээр тодорсноос хойш энд тэндээс хамтарч ажиллах санал их ирж байна уу?

-Тэргүүн миссээр тодорсноос хойш өдөр бүр ярилцлага, үйл ажиллагаа гээд их завгүй байгаа. Бас 11-р сард болох олон улсын тэмцээний бэлтгэлдээ орчихсон.

-Нууц биш бол миссийн тэмцээнд оролцоход хэр их мөнгө зарцуулав?

-Миссийн тэмцээнд оролцох нь нэлээн их зардалтай байдаг. Дурдвал өдөр тутмын хувцаснууд, тайзны дээл, гоёлын даашинз, нүүр будалт, үс засалтаас гадна өдөр тутмын зардлууд багтана. Ойролцоогоор 10 сая төг болсон.

-"Мисс Монголиа-2025"-д оролцогчдыг ямар ямар сургалтад хамруулав?

-Тэмцээн маань хүмүүнлэг, оюунлаг, бикини, фото, модель гэсэн таван номинациар шалгаруулалтаа явуулсан. "Lasante" эмнэлгийн эмч нар тэмцээний хүмүүнлэг болон оюунлаг номинацийн үеэр зөвлөгөө өгч, сургалт явуулсан.

-Тэмцээнийг зохион байгуулагчид багш гаргаж өгсөн үү? Эсвэл та нар өөрсдөө багшаа олсон уу?

-"Мисс Монголиа" холбооноос тайзны алхааны бэлтгэл болон бүжгийн багш гаргаж өгсөн. Тэмцээний өмнөх бэлтгэл тэмцээний үеэр "Андра" академийн маань багш нар бүхий л талаар тусалж дэмжиж бэлдүүлсэн. Энэ дашрамд Бадамгэрэл, Мөнхчимэг, Аззаяа, Азжаргал, Жагзмаа багш нартаа гүнээ талархал илэрхийлье.

-Таны түрүүлсэн амжилт багш нартай чинь салшгүй холбоотой нь мэдээж...

-Тийм ээ, би багш нараасаа үлгэр дуурайл их авдаг. Мөнхчимэг багш маань тэмцээний турш өдөр бүр зааварлаж, зөвлөж дэмжиж байсан. Манай багш нар бүгд эерэг хандлагатай, эрч хүчтэй хүмүүс. Намайг урам зоригоор үргэлж тэтгэдэгт баярлалаа. Багш нартаа, "Андра" академийн хамт олондоо талархаж байна.

-Ингэхэд яагаад загвар өмсөх болов?

-Би Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрж өссөн. Багаасаа загвараар хичээллэхийг хүсэж мөрөөддөг байсан ч өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх боломж суманд маань байгаагүй л дээ. Гэсэн ч би 2021 онд Эрдэнэт хотод оюутан болоод "Эрдэнэт модель" агентлагт Найрамдал багшийн удирдлага доор загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн. Тэгээд хоёр жилийн дараа Улаанбаатарт шилжин суралцаад, 2024 оноос "Андра" академид суралцаж байна.

-Мисс, загвар өмсөгч хоёрт ижил төстэй зүйл бий юу?

-Загвар өмсөгч бол дизайнерын урласан хувцсыг амилуулах үүрэгтэй мэргэжил. Харин мисс бол цол.

-Мисс болсноос чинь хойш болон өмнөх хүмүүсийн харьцаа, хандлага хэр өөрчлөгдөв?

-Олны нүдэнд их өртөх болсон учраас байнга биеэ цэгнэж, зөв авч явах шаардлагатай тулгарсан.

-Тэр тусмаа эрчүүд хэр их эргүүлж байна вэ?

-Ажлын шугамаар л биш бол би хүмүүстэй нэг их чатлаад, холбогдоод байдаггүй юм.

-Танд гэнэтийн бэлэг барьж байна уу?

-Одоохондоо үгүй ээ.

-Нууц биш бол найз залуутай юу?

-Найз залуу байхгүй ээ.

-"Гоёл" наадамд оролцож байв уу?

-Оролцож байгаагүй.

-Биеийн харьцаа, жин, өндөр... -173 см, 51 кг, харин биеийн харьцаа 88:60:90.

-Ингэхэд та жингээ хэрхэн барьдаг вэ?

-Их хөдөлгөөнтэй байдаг болохоор жингээ барих шаардлага нэг их байдаггүй.

-Дуртай амттанаа иддэг үү?

-Иддэг. Гэхдээ би нэг их амттай юм, чихэр жимс идээд байдаггүй. Харин орос крокант, мангонд их дуртай.

-Таны мэргэжил...

-Би МУИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн л дөө.

-Ер нь хойшид мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

-Сэтгэл судлаачаар сурсандаа хэзээ ч харамсахааргүй гоё мэргэжил гэж боддог юм. Мэргэжлээрээ заавал ажиллахгүй ч өөрийгөө их таньж мэддэг, хувь хүнийг их хөгжүүлдэг л дээ.

-Яагаад сэтгэл судлаач мэргэжил сонгов?

-Дунд сургууль төгсөх ангидаа эхлээд эмчээр суралцахаар төлөвлөсөн ч цаг тулаад ирсэн тул сонголтдоо их л эргэлзэж байлаа. Би багадаа шинжлэх ухааны нэвтрүүлэг үзэх их дуртай байсан юм. Мэргэжлээ сонгоогүй явж байхад МУИС-ийн нэгдүгээр курсэд Уламбаяр багш маань сэтгэл судлалын үндэс гэдэг хичээл орлоо. Энэ хичээл л намайг сэтгэл судлалын шинжлэх ухаанд эргэлт буцалтгүйгээр дурлуулсан даа.

-Клип, реклам сурталчилгаа, кинонд тоглох санал ирж байна уу?

-Тийм санал олон ирж байсан шүү. 11-р сард нээлтээ хийх "Тэнгэр, газрын заагт" гэдэг кинонд онгоцны үйлчлэгчийн дүр бүтээсэн. Туслах дүр учраас халтихан хэсэгт л орсон доо. Агентлагийн моделийн шугамаар л юм байна.

-Олны танил эмэгтэйчүүдээс хэнийг шүтэн биширдэг вэ?

-Бадамгэрэл багшийнхаа бусдад хандах хандлага, бусдыг манлайлах чадвар, харилцаа, асуудал шийдвэрлэх, аливаа ажлыг тэнцвэртэй зохицуулан хуваарилах чадвараас их суралцдаг.

-Таны хувийн амьдралыг сонирхож болох уу?

-Нэг ах, нэг эгчтэй, айлын бага охин. Ах, эгч хоёр маань их спортлог улс. Ах аймгийн начин цолтой, харин эгч модон бөмбөгийн спортын мастер. Манайхан гэр бүлээрээ уул уурхайн салбарт ажилладаг. Аав маань "Шивээ овоо" уурхайд 25 жил ажилласан. Эцэг, эх маань урлагийн их мэдрэмжтэй хүмүүс. Аав гитар, баян, ятга, төгөлдөр хуур тоглодог.

-Миссүүд сайн үйлсийн аянд их оролцдог. Танд төлөвлөсөн зүйл бий юу?

-Манай "Андра" академи Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллаж, сайн үйлсийн аянд их оролцдог. Миний хувьд Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран сайн үйлсийн аян хийхээр төлөвлөж байгаа. Мөн сум орон нутагтаа болон алслагдмал сумуудад загвар, гоо зүйн сургалт хийх хүсэлтэй байна л даа.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Чөлөөт цагаараа боломж гарвал л ууланд алхах дуртай. Харин гэртээ байхдаа ном уншиж, тэмдэглэл хөтлөх дуртай.

-Та хамгийн сүүлд ямар ном уншив? Уншсан ном болгондоо тэмдэглэл хөтөлдөг үү?

-Хамгийн сүүлд Виктор Франклын "Хүмүүний утга учрын эрэлд" номыг уншсан. Энэ номыг хоёр дахь удаагаа уншсан л даа. Сайн ном унших тусам өмнө нь олж хараагүй санаа, өнцөг, ойлголтыг авч байдаг. Би медиум дээр номын тэмдэглэл хөтөлдөг юм. Багаасаа л ном унших дуртай, номын санд өнждөг хүүхэд байлаа.

-Ярилцсанд баярлалаа. "Miss International-2025" тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье.

-Баярлалаа.

Ярилцсан сэтгүүлч:Ш.Эрдэнэтөр

May be an image of 1 person and text that says '3요 MISS MONGOLIA SUWEN MONGOLIA IA'

May be an image of 1 person and text that says '6S MISSINTERNATIONALMONGO Mi SINTERNATIONAL MONGOLIAWINNER2025 MONGOLIA WINNER2025'

May be an image of ‎7 people and ‎text that says '‎MISS HONGOLIA ท 吉 LASANTE SANTÉ ח0ס'000"! :7000-0000 -UP2025 -UP 2025‎'‎‎

May be an image of 9 people and text

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ