Хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу 5 дугаар багийн Сайхан мод гэдэг газар сураггүй алга болсон хоёр настай хүүхдийн эрлийг үйл ажиллагаа өнөөдөр /2025.09.25/ үргэлжилж байна. Эрлийг Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Онцгой байдлын газрын алба хаагчид, цагдаагийн газрын алба хаагчид, нэг эрэлч нохой, ар гэрийн хүмүүс, Тариалан сумын мэргэжлийн анги, сургууль, цэцэрлэгийн нийт 56 хүн , 15 автомашин, таван морь, нэг эрэлч нохойтойгоор алга болсон газраас зүүн хойд зүгт 25 км газарт Нялуугийн хаш гэдэг газраас эрлийн ажиллагааг хийж байна.
Мөн тус сумын Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас 2025 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 15.00-16.00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо нэг км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 14.40 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 46 настай, эмэгтэйг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ