О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2025.09.29/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал болж, хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Мөн өнөөдрийн 12.00 цагаас эхлэн нийт 5 цаг орчим Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, бүлгийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Ардчилсан намын дүрэмд байдаг Улс төрийн зөвлөл бүлгээр өргөтгөж хуралдаж болох зохицуулалт байдаг. Бид энийг анх удаагаа хийлээ. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт чиглэл өгч байна. Оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын бүлэгт улс төрийн үйл ажиллагаа явуулах хоёр заалт бүхий чиглэлийг өглөө. Нэгдүгээрт, эрх баригч МАН-ын даргын сонгуулиас үүдсэн зөрчил тэмцэл нь тус намын дотоод асуудал төдий бус Монгол Улсын төрийн хямралын хэмжээнд хүрч, улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой болсон тул Ардчилсан намын өргөтгөсөн хурлаас дараах шаардлагыг хүргүүлж байна. Уг шаардлагын эхэнд УИХ руу, хоёрт, Засгийн газар руу хандсан.
1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улстөрчдийн захиалгаар ажилладаг тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Энэхүү ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсч байна.
2.МАН албан ёсны даргатай болох хүртлээ эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч, үүний улмаас парламентаар хэлэлцэх ёстой ирэх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд хариуцах эзэнгүй болох, улс орны эрх ашиг хохирох бодит аюул тулгарлаа. МАН-ын Бага хурлын шийдвэрийг харахад өнөөгийн Засгийн газрын эрх зүйн чадамжийн асуудал яригдах хэмжээнд хүрчлээ. УИХ-д өргөн баригдсан 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцүүлэхээс хойшлуулах, төслийг эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ