Д.Амарбаясгаланг албан тушаалаасаа түдгэлзэж, нэрээ цэвэрлэхийг шаардав

Ж.Энхбаяр тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн сайд нар өнөөдөр /2025.10.07/ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ёс зүйн шаардлага бүхий албан бичиг хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Монголын ард түмний төлөөлөл. Энэ утгаараа төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах хүн ёс зүйн зөрчилгүй, өндөр туршлагатай, цэвэр хүн байх ёстой. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой ноцтой мэдээллүүд гарч байна. Монголын ард түмэн баялагтаа эзэн байхыг л хүсч байгаа. Байгалын баялгийг улс орны хөгжлийн төлөө зориулагдаасай гэж хүсч байгаа. Энэ үзэл санааг хэрэгжүүлэхэд УИХ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, манлайлал үзүүлэх ёстой.

Иймээс МАН-ын 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгай болон бусад авлига албан тушаалын хэргүүдээс нэрээ цэвэрлэтэл УИХ дарга гэх албан тушаалыг хаших эрхгүй гэж үзэж байна.

Монголын хууль шүүхийн байгууллагууд үүнд хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллах хэрэгтэй. Ард түмэнд үүнийг тайлбарлах үүрэгтэй. Хууль хэрхэн шударга үйлчилдэг гэдгийг харуулах ёстой.

Тиймээс УИХ дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа түдгэлзэж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулах ёстой гэсэн ёс зүйн шаардлагыг хүргүүлж байна.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

-УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний элч байдаг. Бид УИХ-ын гишүүнээр сонгогдон тангараг өргөхдөө, Монгол Улсын нийт ард иргэд, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө Үндсэн хуулийг эрхэмлэн сахиж, авлига ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид байна гэж тангараг өргөсөн.

Тиймээс УИХ-ын гишүүний хувьд авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын даргад зарчмын шаардлага бүхий албан бичгийг хүргүүлж байна.

Бид Монгол төрийн нэр хүнд, ард түмний төрдөө итгэх итгэлийг өндөрт өргөж явах ёстой хүмүүс. Ард иргэдийн амьдрал хүнд байна. Төр засагтаа итгэх итгэл алдарч байна. Энэ цаг үед бид аливаа албан тушаалын төлөө, улс төрийн намын эрх ашгийн төлөө биш ард түмнийхээ төлөө зогсох ёстой гэж үзэж байгаа. Тийм ч учраас энд зогсож байгаа гишүүдтэйгээ нэгдэж гарын үзэг зурсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ