УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Энэтхэг рүү явж "болохгүй"

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх гэж байна.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан эх орон” тоглолт, уран зураг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.
Энэ айлчлалтай холбоотой байж болох захирамжийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт /2025.10.10/ гаргасан нь цахим орчинд ил болов.
Захирамжийн агуулга нь, УИХ-аар 2026 оны Улсын төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүдийг 2025 оны 10-р сарын 13-17-ны өдрүүдэд албан томилолтоор болон хувийн ажлаар гадаад улсад явахыг түр хугацаагаар хязгаарласуй гэжээ.
УИХ-ын даргын захирамжид тусгасан хугацаа нь Ерөнхийлөгчийн айлчлалтай давхцаж байна. Төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд Парламентыг төлөөлж УИХ-ын гишүүд багтаж, хоёр орны хамтын ажиллагааны чиглэлээр холбогдох уулзалтуудад оролцдог.
Энэ удаагийн айлчлалд ямар гишүүд багтсан, тэднээс хэн нь явж байгаа, УИХ-ын дарга ямар гишүүнийг Ерөнхийлөгчтэй явуулахыг хүсээгүй нь одоогоор тодорхойгүй байна. УИХ-аар чухал асуудал хэлэлцэх тул гишүүдийг гадаад руу явуулахыг хязгаарласан гэх боловч төрийн айлчлалд УИХ-ын чуулганы хэвийн үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний өргөн бүрэлдэхүүнээр явдаггүй.
Нөгөө талаас УИХ-аар энэ долоо хоногийн даваа гарагт ТББХ, пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэх товтой байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр хагаралдаад буй энэ үед өөрийнх нь талд дарах "кноп"-ууд айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Энэтхэг рүү нисэх болсон нь УИХ-ын даргыг захирамж гаргахад хүргэв үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ