Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс 2026 оны аравдугаар сарын 15-нд багш нар орон даяар ажил хаялт зохион байгуулахаа Боловсролын яаманд мэдэгдээд буй.

Тэгвэл эл асуудалд Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.

Тэрээр "БШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос аравдугаар сарын 9-нд багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг хүргэх шаардлагыг хүргүүлсэн. Улмаар энэ сарын 15, 16-наас ажил хаяна гэсэн мэдэгдсэн.

Цалин нэмэх тал дээр Засгийн газрын зүгээс дэмжиж байгаа. Тухайлбал, төрөөс төсөвт 100 тэрбум төгрөг суулгасан байсан дээрээ нэмье гэх саналыг хүргүүлсэн. Ерөнхий сайдын зүгээс нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 1,850,000 төгрөг болгох саналыг дэвшүүлсэн. Энэ нь одоогийн цалингаас 25 хувь нэмэгдэж байгаа дүн. Мөн долоодугаар сараас төсвийн орлого нэмэгдвэл 2.5 сая төгрөг, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх гурван жилийн төлөвлөгөөтэй ажиллаё гэх саналыг үйлдвэрчний эвлэлд дэвшүүлсэн.

Гэвч үйлдвэрчний эвлэлээс шууд 3.5 сая төгрөг болгохыг шаардаж, ажил хаях мэдэгдэл ирүүлсэн нь харамсалтай санагдлаа. Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаагүй, хүнд нөхцөл байдлыг далимдуулж улс төр хийж байна гэж үзэхээс өөр арга алга. Өнөөдөр эрх баригч нам дотроо хагарч, УИХ, Засгийн газар ажлаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед улстөржиж байна гэж харж байгаа. Иймд үйлдвэрчний эвлэл тавьсан шаардлагаа дахин харж үзээч гэх саналыг хүргэж байна. Хэлэлцэж, ярилцаад бие биенээ дэмжээд явж болно. Ажил хаялт зарлах нь хууль бус явдал юм. Хөдөлмөрийн маргаан үүссэн тохиолдолд гурван үе шаттай байдаг. Эхний үед хамтын хэлэлцээрийнхээ дагуу ярилцана. Шийдэгдэхгүй бол зуучлагч авна. Зуучлагч томилоод ярилцаад шийдэгдээгүй хөдөлмөрийн арбитрт ханддаг. Арбитрын явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу аль аль тал ажил хаяхгүй гэдэг.

Ажил хаялт гэдэг бол хамгийн эцсийн арга хэмжээ. Иймд хөдөлмөрийн хууль зөрчсөн арга хэмжээнд Монголын багш нарыг оруулбал үйлдвэрчний эвлэлийн хороо өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ шүү гэдгийг мэдэгдье" гэлээ.