Б.Жавхлан: Төрийн тэргүүнээс эхлээд бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 10 хувь танаж багш, эмч нарын цалин болон тэтгэврийг нэмнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025:10:15/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан " Нэгдүгээрт, Багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмэхэд нийт 831 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг төсвөөс яаж гаргах боломжтой юм бэ гэж асуух байх. 32 их наядын төсөв маань гурван эх үүсвэрээс бүрддэг. Үүний 8 их наяд нь хөрөнгө оруулалт, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан нийлээд 8 их наяд, урсгал зардал 17 их наяд. Урсгал зардалд бүх яамдын үйл ажиллагааны зардал, хүүхдийн мөнгө, байр ашиглалт гээд бүгд ордог. Би өнөөдрийг хүртэл "Төсвийг дахин задлах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ямар ч боломжгүй" гэж хэлсэн. Энэ жилийн төсөв нь жилийн төлөвлөгөөндөө баригдаж маш олон хязгааруудыг  ягштал мөрдсөн. Төсвийн хүрээний мэдэгдлийг зургаадугаар сарын 01-ний өдөр баталсан. Гэтэл бид эндээсээ дахиад бүх зардлаа 500 тэрбумаар, орлогоо 1.6 их наядаар бууруулж байна. Ингэж оруулж ирсэн төсөв. Харин УИХ-д өргөн барьснаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал нийгэм даяар хөндөгдсөн. Жагсаал цуглаандаа ч хүрлээ. Боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй Ерөнхий сайд уулзаж, нөхцөл байдлыг ярилцсан. За ингээд цалин, тэтгэврийг нэмэхийг судлах үүргийг Ерөнхий сайд өгч үүний дараа өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж тодорхой шийдвэрийг гаргасан. Төсвийн байнгын хороо, Төсвийн хяналтын дэд хороо, Эдийн засгийн байнгын хорооны дарга нартай уулзаж, Засгийн газар яаж оролцож, туслах вэ гэдгээ ярилцаж яаралтай ажын хэсэг байгуулан тооцоолол хийж, хамтарч ажиллахаар болсон. 831 тэрбум төгрөг нь 17 их наядын урсгал зардлын хэдэн хувь болох вэ. Тэгэхээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын хөрөнгөөс жигд хасч байж энэ мөнгийг гаргана. Амар зүйл биш. Урсгал зардлыг 10 хувиар танаж, хойшлуулж, хойш татна. Тэр хэрээр хүрэх зорилт маань 10 хувиар санхүүжилт нь дутна.

Хэрвээ бид зардлаа хасахгүй шууд 831 тэрбумаар нэмсэн бол инфляци 1.5-2 хувиар нэмэгдэнэ. Үйл ажиллагааны зардлын ангиллыг нөгөө ангиллаар сольж байгаа учраас шууд инфляци өсөх нь бага. Төсвийг хэлэлцмээр байна. Ажлаа хиймээр байна.

Хоёрдугаарт, Оюутолгойн зээлийн хүүгийн асуудлыг хэлэлцлээ. Ажил амжилттай урагшилж байна. Яамдууд дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Онтрэгоос өмнө ажлын хэсгийг гаргасан. Хоёр ажлын хэсэг нийлээд ажиллаж байна. Хэлэлцээр эхлээгүй учраас гүний мэдээлэл өгөх боломжгүй. Төслийг зогсоох, гацаах сунжруулах нөхцөл огт байхгүй. Тиймээс хоёр талаасаа аль аль нөхцлөө сайжруулахад санал нэгдсэн. Нөгөө талаас шийдвэр гаргах хүмүүс ирэх долоо хоногийн сүүлээр ирж, хэлэлцээрийг эхлүүлнэ" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ