Бие даалтын долоо хоногоор тавигдах жүжгүүд

Боловсролын яамнаас танилцуулсан 2025-2026 оны хичээлийн жилийн хөтөлбөрийн дагуу өнөөдрөөс /2025.10.20/ эхлэн энэ сарын 24 хүртэл буюу ирэх Баасан гариг хүртэл сурагчдын "бие даалтын долоо хоног" эхэлж байгаа учир ЕБС-иуд танхимаар хичээллэхгүй. Тиймээс эдгээр өдрүүдэд хүүхдүүд дараах үзвэрийг үзэх боломжтой.
Тодруулбал, Монгол Улсын Хүүхэлдэйн театр “бие даалтын долоо хоног”-ийн хүрээнд сурагчдын сэтгэлзүйн тогтвортой байдлыг дэмжих, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор театрын уран бүтээлчид дараах жүжгүүдийг толилуулж байгаа ажээ.
“Миний хөөрхөн шүдний аялал”
Тус жүжиг нь хүүхдийн инээмсэглэл, эрүүл мэндийн зөв дадлыг уран сайхны аргаар харуулахаас гадна энэхүү жүжиг нь өөрийгөө арчлах, зөв дадал хэвшлийг бий болгох сэдлийг төрүүлнэ. Өөрөөр хэлбэл, 3-13 насны хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилготой аж.
Жүжиг 2025 оны аравдугаар сарын 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25-нд тус тус 11:00 цагт тоглогдоно.
- Үргэлжлэх хугацаа: 50 минут
- Насны ангилал: 3+
- Тасалбарын үнэ: 20.000 төгрөг
“Морин хуур”
Театрын урлагаар дамжуулан үндэсний өв соёлоо дээдлэгч, түүгээр бахархагч Монгол иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахад энэхүү жүжгийн зорилго оршино. Монгол ардын “Хөхөө Намжил” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүтээл нь "Морин хуур" хөгжим үүссэн сэтгэл хөдөлгөм түүх, хайр, итгэл, урлагийн хүчийг илэрхийлж, үндэсний бахархлыг хүүхдийн зүрхэнд шингээсэн уран сайхны тууль юм. Тус жүжиг 2025 оны аравдугаар сарын 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25-нд тус тус 15:00 цагт тоглогдоно.
- Үргэлжлэх хугацаа: 75 минут
- Насны ангилал: 8+
- Тасалбарын үнэ: 20.000 төгрөг
“Одиссей”
МЭӨ VIII зуунд амьдарч байсан эртний Грекийн нэрт яруу найрагч, Европын уран зохиолын эцэг хэмээн нэрлэгддэг Хомерийн Одиссей баатарлаг туулийг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид монголд анх удаа пластик хүүхэлдэйн жүжиг болгон туурвиж 2025.10.17-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болголоо. Одиссей тууль нь эртний Грекийн болон дэлхийн утга зохиолын чухал дурсгал гэж нэрлэгддэг бөгөөд барууны соёл иргэншлийн хамгийн эртний зохиол юм. Эртний Грекийн алдарт баатар Одиссейн урт аяллын түүхийг хүүхэлдэйн хэлбэрээр анх удаа амилуулсан бүтээл. Энэхүү жүжиг нь зориг, тэвчээр, итгэлийн үнэ цэнийг ойлгуулж, сэтгэлзүйн урам зориг өгөх зорилготой гэнэ.
Мөн сурагчид бие даалтын долоо хоногт зориулж Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Чингис хаан үндэсний музей, Богд хааны ордон музей болон Төв номын сан, Хүүхдийн номын сан зэрэг байгууллагууд ЕБ-ын сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаж болно. Хүүхдүүд зориулсан хөтөлбөрийн мэдээллийг https://www.facebook.com/education.agency.mongolia эндээс харж боломжтой.
Үүнээс гадна багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж өнөөдрийн байдлаар нийт 22 мянга гаруй багш хугацаагүй ажил хаялтад нэгдсэн байна. Улмаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийг ЕБС-ын ах, эгч нар нь гэртээ харж үлдэх нөхцөл бүрдээд байгаа юм. Ингэснээр хүүхэд аливаа төрлийн ахуйн гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд бага насны хүүхэдтэй ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас уриалав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ