ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ

 Нэгэн цагт шүдэнз зураад л асдаг шинэ түлш Улаанбаатар хотод нэвтрүүлнэ хэмээн ам дүүрэн, хулхи цэцэг тарьж явсан нөхөр өнөөдөр байгаль орчны яаманд сайдаас илүү эрх мэдэлтэй нэгэн болж, ёстой шүдэнз зурахын төдийд эрх мэдлийн сэнтийг эзэгнэв. Хуулийг гууль болгож, луулийг цэцэг болгож явсан Б.Алтанзул өнөөдөр Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн яаманд хэлтсийн дарга болж дэвшсэн. Дэвшиж, огцрох нь хүмүүсийн амьдралд байдаг ч тэрээр хуулиас давсан журам гаргаж, тэрүүхэндээ л өөрийн эрх мэдлийг тунхаглан зарлав. Түүний гаргасан журам нь компаниудыг сар, жилээр өөрөөсөө хамааралтай байлгаж, араасаа нохой шиг гүйлгэх гинж болон хувирав. Яам нь хуулиас давсан журмуудаа аль болох цөөлөх гээд оролдох ч газрын даргын үзэмжээр улам л журам нь нэмэгдээд байх. БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг 14 хоногт ямар ч чирэгдэлгүй олгоно гэж хэлсэн ч тэр нь зэрэглээ болон замхарч, мэргэжлийн байгууллагууд нь тусгай зөвшөөрлөө авах гэж яамны үүдэнд гацаад байна. Уг нь саяхан л байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгох, цэгцлэх талаар хууль зүйн яаманд хандаж байсан. Үүнд тусгай зөвшөөрөлтэй холбоотой 10 гаруй журмыг хүчингүй болгох албан тоот хүргэгдсэн гэдэг. Уг албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болон Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг хүчингүй болгож байгаа юм. Ингэснээр эрх олголт, дүгнэлт, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг зэрэг нийт 10 захиргааны хэм хэмжээний акт хүчингүй болох аж. Тиймээс дээрх бичиг баримттай холбогдол бүхий актуудыг улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан гэсэн үг. Гэвч тусгай зөвшөөрлийн сунгалт, эрхээ авч чадахгүй мэргэжлийн байгууллагууд нь үйл ажиллагаа явуулах боломжгүй сайдаас илүү эрх мэдэлтэй даргын эрх сүр дор бөхөлзсөөр удаж байна. Сайдаасаа давсан эрх мэдэл, хуулиас давсан журам хоёрын дор Монголын байгаль орчны салбар хэдий болтол бөхөлзөх вэ.

Д.Эрхэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ