Газраа чөлөөлсөн иргэнд 1008 айлын орон сууцаас өмчлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Ногоон нуур орчимд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцнаас 752 –ыг нь өмчлүүлэх, үлдсэн 252 байрыг түр хугацаагаар түрээслүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталсан байна.
Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Э.Бат-Амгалан “756 айлын орон сууцыг газар солилцоогоор өмчлөлд шилжүүлнэ. 252 айл нь тус орон сууцаас түр түрээслэх байдлаар ашиглах шийдвэр гаргалаа” гэв.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцыг дагаж 960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургууль, 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг баригдана. Ирэх жил сургууль, цэцэрлэг ашиглалтад орно гэж сайдын үүрэг гүйцэтгэгч Э.Бат-Амгалан мэдэгдлээ.
Сануулахад, 350 сая юанын буцалтгүй тусламжаар энэхүү төсөл хэрэгжсэн юм. Нийт найман блок, 21 давхар барилгаас 1008 айлын орон сууц бүрдэж байна. Нэг давхартаа нийт зургаан айл байрлах ба 49.95 болон 55.04 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ