"Салбарынх нь дундаж цалингаар сайдын цалинг тогтоовол ямар вэ гэдэг асуудал яригдсан"

Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.11.03/ ээлжит хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн салбарын санүүжилт, цалин, чанар зэрэг асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нурчихсан гэхэд болохоор байна. Иргэд даатгал төлдөг ч очоод үйлчилгээ авч болдоггүй, хувиасаа төлбөр тооцоогоо хийдэг гэхчлэн олон, олон асуудал бий болсон. Монгол Улс  төсвийнхөө өндөр хувийг эрүүл мэндийн салбарт оруулдаг ч өгөөж байдаггүй салбар болсон. Дэлхийн хөгжингүй орноос ч өндөр хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт хийсэн ч үр өгөөж, үр нөлөө байхгүй. Эмнэлгээс гадуур нас барж байгаа иргэний тоо өссөн зэрэг асуудалтай салбар болсон.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дундаж цалин 2.5 сая төгрөг. Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг. Эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин улсын дунджаас бага байна.

УИХ-ын гишүүд ард иргэдийн төлөөлөл юм бол иргэнийхээ ажил хөдөлмөр эрхлээд авч байгаа дундаж цалингийн хэмжээгээр цалин авдаг болбол ямар вэ. Салбарынхаа дундаж цалингаар сайд нь цалинждаг байвал ядаж цалингаа сайд мэддэг байх юм биш үү.

Хамгийн өндөр нь уул уурхайн салбарынхны дундаж цалин 5 сая төгрөг юм байна, хөдөө аж ахуйн салбарын дундаж цалин 2.1 сая гээд сар бүр гаргадаг статистик байна. Зөв гэхэд хаашаа юм ийм бодлогын шийдэл гаргавал яасан юм бэ гэдэг зүйл яригдсан.

Улс төрийн намын тухай хуулийн санхүүжилттэй холбоотой асуудал бүхий хууль орж ирж байна. Улс төрийн намын тухай хуульд зааснаар энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөрт багтаан намууд мөрийн хөтөлбөрөө нийцүүлэх ёстой. Нийцүүлэхээс өмнө нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг өргөн амэдүүлсэн.  Дээрх хуультай холбоотойгоор төрөөс өгч байгаа санхүүжилтийн 50 хувиас ихгүй хэмжээний орлогыг  улс төрийн нам олох ёстой гэх утга агуулга бүхий заалт байсныг өөрчилье гэж байгаа. Ардын намын зүгээс гарч байгаа санаачлага.  Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ. Олдог орлого ихтэй,  хөрөнгө мөнгө ихтэй, түрээсийн орлого ихтэй, том байшинтай. Улс төрийн нам гэхээс илүүтэй аж ахуй нэгж шиг ийм байгууллага болоод хувирсан.  Энэ орлого нь энэ хуулинд нийцэхгүй их учраас нэг дансаар бус олон дансаар авдаг болъё гэх зэргээр хуульд нийцэхгүй  нэмэлт өөрчлөлт өргөн барьж байгаа. Энэ бол зарчимгүй шаардлага юм аа гэж бүлгийн гишүүд үзсэн.

Монгол Улсад өнөөдөр гарч байгаа авлига хулгайн асуудал нь төрийн өмчтэй холбогддог. Дахиад нэг алхах юм бол утасны үзүүр нь улс төрийн нам руу орох нь тодорхой гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ