Галт зэвсгээ бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгоно

Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогын арга хэмжээг улсын хэмжээнд 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 4-ний хооронд 30 хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа бүртгэлтэй галт зэвсгээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлж, хууль ёсны эзэмшигч гэдгээ баталгаажуулах шаардлагатай.

Мөн бүртгэлгүй, эх сурвалж нь тодорхойгүй галт зэвсгээ бүртгэлжүүлбэл арга хэмжээний хүрээнд торгуулийн арга хэмжээ тооцохгүй болохыг албаныхан мэдээлэв. Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 50,703 ширхэг галт зэвсэг бүртгэлтэйгээс 47,781 буюу 94 хувь нь галт зэвсэг тооллогод хамрагдсан байна. Үүнээс орон нутаг 32,559 буюу 94 хувь, нийслэл 15,222 буюу 94 хувьтай бүртгэгдсэн байна. Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслээ бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу “Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ