Зуны зугаатай”-гаас улбаалж хүчирхийлэл, түрэмгийлэл, садар самуун, агуулсан, хараалын үг хэллэгтэй дуунд хяналт тавина

      Энэ зун “Зуны зугаа-113” нэртэй тоглолтыг “Хамаг Монголын Хишигтэн” ТББ төв цэнгэлдэх хүрээлэнд 8 цагийн турш зохион байгуулж цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгсэн.

“Зуны зугаа”-д хип хоп урсгалын 113 хамтлаг 6 цагийн турш дуулж, тоглолтын үеэр 3 хүн хутга, мэсэнд өртөж, гэмтсэн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35 дуудлага, мэдээлэл ирснээс 22 нь эрүүгийн шинжтэй, 10 иргэнээс хутга, зодооны хэрэгслийг нь хураасан гэж тухайн үед цагдаагийн байгууллага мэдэгдэж байсан. Тэгвэл Зуны зугаад дуулагдсан дуунууд бүгд хараалын үг хэллэгтэй, садар самуун, хүчирхийлэл, түрэмгийллийг сурталчилсан, уриалсан агуулгатай бөгөөд төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн цугласан хүүхэд, залуус тэднийг даган дуулж, эр эм нь мэдэгдэхгүй хоорондоо зодолдож, архидан согтуурч, танхайрч байсан.

   Монгол бөх барилддаг зүлэг ногоон дэвжээнээ согтуу охид биенээ хөөж, нийлж зодож, бусад нь тэднийг харан дэмжиж байгаа нь нохой зодооны тэмцээн мэт дүр төрхтэй бичлэгүүд цахим орчинд хэдэн өдөр тархаад л мартагдсан. Аливаа бүтээл нийгэмд хүрэхдээ эерэг нөлөө, зөв үлгэр дуурайл үзүүлэх нь соёл, урлагийн салбарын нийт уран бүтээлчдийн хариуцлага атал энэ бүхнийгээ умартаж өсвөр үе, хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх уран бүтээл туурвиж түүнийгээ олон нийтэд түгээж байгаа нь хортой үзэгдэл болоод байна.

   Сүүлийн жилүүдэд цахим болон хөгжмийн орчинд хүчирхийлэл, хараалын үг, садар самуун, бусдыг доромжилсон агуулгатай контент нэмэгдэх хандлагатай байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэлгээ, зан төлөв, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх аюулын харанга юм. Ялангуяа хип хоп урсгалын дуунууд нь голдуу ийм утга байгуулж байгаа нь өсвөр насныханд маш аюултай болоод байна. Иймд энэ өнөөгийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж, олон талын оролцоо бүхий бодлогын шийдэл боловсруулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентал Соёл, урлагийн газар нь салбарын болон нийгмийн төлөөлөл бүхий Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

Ажлын хэсэгт:

• Соёл, урлагийн байгууллагууд

• Хүүхэд хамгааллын байгууллагууд

• Хууль, эрх зүйн салбарын мэргэжилтнүүд

• Сэтгэл судлаачид, боловсролын байгууллагууд

• Хөгжмийн салбарын уран бүтээлчид, продюсерүүд

• Иргэний нийгмийн төлөөлөл

• Эцэг эхийн холбоод оролцож, асуудлыг олон өнцгөөс нэгдсэн байдлаар хэлэлцэнэ.

Ажлын хэсгийн зорилго:

• Хууль, эрх зүйн орчныг судлаж, сайжруулах

• Хүүхэд, өсвөр үеийнхнийг хор нөлөөтэй контентээс хамгаалах бодлогын зөвлөмж боловсруулах

• Хөгжмийн болон цахим контентын ёс зүйн стандартыг сайжруулах

• Уран бүтээлчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ санал болгох

• Олон нийтийн мэдээлэл, боловсролын ажлыг зохион байгуулах

• Сөрөг агуулгатай уран бүтээлд хориг тавих

• Хүүхдэд ээлтэй мэдээллийн орчныг бүрдүүлэх урт хугацааны бодлогыг шинээр боловсруулах гэх мэт ажлуудыг хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ