Үхэж үл болно, хорт хавдраар

Хорт хавдартай танилцсан миний түүх тун сонин. Манайх Баян-Өлгийн Алтанцөгцийн айл. Намайг долоо орчим настай байхад Намаржаан гэдэг газар нэгэнтээ намаржив. Жинхэнэ Алтайн хар тарваганы орон доо. Аав хонио хариулж гарангаа оройхон хоёр тарвага авчирдаг ноормтой. Тэр өдөр гурвыг намнажээ. Нэг нь маш эцэнхий байв.

-Пээ, базарваань, наадах чинь юу вэ. Яахаараа өдийд ийм туранхай тарвага байдаг билээ.

-Нарийнтсан юм шиг байна. Ээж, аав хоёр ийн ярилаа.

-Нарийнтана гэж яадаг юм.

-Ходоод юм уу, хоолойд нь ур ургахаар хоол орохгүй болчихдог юм. Өвчихөөр мэдэгдэнэ. Энэ бол аав бид хоёрын яриа. Одоо ч мартагддаггүй бөлгөө. Тэрхүү тарвагыг өвчтөл, үнэхээр улаан хоолой нь ураар тагларан битүүрчээ.

Хожим Анагаах ухааны дээд сургуулийн оюутан болсон чинь эс судлалын багш маань сонгины эсийг дуран авайгаар бидэнд үзүүлж байхдаа, хүн, амьтанд тусдаг өвчний ихэнх нь ургамалд тохиолддог юм гэж билээ. “Хорт хавдар бас уу, багшаа” гэвэл, тэгэлгүй дээ. Тэр чинь эсийн өвчин шүү дээ. Яваандаа та нар үзнээ гэсэнсэн. Хүн, амьтан, ургамал эрхтнээс, тэр нь эдээс, эд нь эсээс бүрддэгийг тэгж л мэдэв. Тэгэхээр эстэй болгон хорт хавдарт өртдөг гэсэн үг. Хорт хавдартай ингэж танилцаж байлаа. Энд зөвхөн урьдчилан сэргийлэх талаар ярих гэснийг минь болгооно уу. Гэхдээ мэдээж энгийн ойлголт өгөх юм. Урьдчилан сэргийлэхдээ хүн бүхэн гурван зүйлийг онцгой анхаармаар санагдана. Миний ангилал шинжлэх ухааны албан ёсных биш гэдгийг бас хэлэх нь зөв байх. Энэ сэдвээр олон жил бичсэн эмч бас сэтгүүлч хүний хувьд санал бодлоо хуваалцах гэсэн хэрэг. Жирийн иргэд мэдэж байвал зохих зүйл гэсэн ч болно.

Нэгд, өөрөөс шалтгаалах хүчин зүйлс: Буруу хооллох/хэт халуун гм/, баталгаагүй хүнс хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, таргалалт, архидалт, тамхидалт, бусад мансуурал, зарим эм, бэлгийн замбараагүй амьдрал/ В болон хөхөнцөр/папилома/ вирус/, онц шаардлагагүй үед цус, цусан бүтээгдэхүүн юүлүүлэх/С вирус, ХДХВ/, хеликобактерийн халдвар авах, шөнийн ээлжинд олон жил ажиллах зэрэг орно. Эдгээрээс зайлсхийх ёстой. Хоёрт, өөрөөс үл шалтгаалах орчин: Уул уурхай, цацрагийн нөлөөт газар/рентген туяа/, лаборатори, хими, будаг, жонш, шохойн үйлдвэр, эрүүл ахуйн таагүй нөхцөлд ажиллаж, амьдрах зэрэг багтана. Гуравт, байгууллага чинь та нарыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд жилд нэг хамруулдаг бол их сайн. Тийм аваас өөрсдөө сайн дураар нэг үзүүлчих хэрэгтэй. Эс тийм бол өөрийн эрүүл мэндийн тулд ондоо багтаад хоёр удаа үзүүлчихэж яагаад болохгүй гэж. Бид дэмий шахуу юманд өчнөөн өдөр хоног үрдэг биш үү. Эдгээрийг онцгой анхаарах. Санаж явах бас нэг юм буй. Нэгэнт хавдартай болчихвол сэтгэлээр бүү уна. Энэ нь гарцаагүй үхнэ гэсэн үг биш шүү дээ. Олон боломж бийг сана. Гэр бүлтэйгээ нээлттэй харьц. Ажил дээрээ байхыг хичээ. Эмч нартай холбоогоо бүү тасла. Хамгийн гол нь сэтгэлзүйн зөвлөгөө тогтмол ав. Хөнгөвчлөх эмчилгээний талаар мэдээлэл сайтай байгаарай.

Нэг үеэ бодвол хүмүүс илүү ухаажиж байна уу даа. Эмнэлэгт, тэр дундаа ХСҮТ-өөр үйлчлүүлэх нь ихэсчээ. Энэ сайн хэрэг, сайхан мэдээ. Ялангуяа сүүлчийн гурван жилд гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Учир нь ХСҮТ, ХААН банк, МҮОНТ-ээс хамтран зохиодог уламжлалт “Хавдрын эсрэг аян”-ы нөлөө баттай буй. Өнгөрсөн аяны хүрээнд бидний төлөө 300 гаруй сая төгрөг зарсан байна шүү дээ. Жил болгон энэ талаар дуугарч, мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгаагаар хангаад байхаар хүссэн ч, эс хүссэн ч анхаарах нь мэдээж. Тэгэхээс ч аргагүй юм. Хэн үхэхийг хүсэх билээ. Үүнийг л амьдралд нийцсэн ажил, бодит сурталчилгаа, урьдчилан сэргийлэлт гэх биз. Эцэст өгүүлэхэд, “Үхэж үл болно, хорт хавдраар”. Тэгэхийн тулд дээрх аргуудыг сайтар мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэхэд л хангалттай. Баттай хэлэхэд 80 хувь сэргийлж өлхөн чадна.

Одоо яг ингэж чадсан жишээ хүргье. Сонгинохайрхан дүүргийн иргэн, миний 10 жилийн анд Лувсанчойжирын Эрдэнэ/зөвшөөрөл авав/ хэдэн жилийн өмнө хорт хавдар бүдүүн гэдсэндээ үүсч буйг эрт илрүүлсэн/сайн дураар үзлэгт орж/ түүхтэй. Эцэг нь ийм өвчнөөр өөд болсныг бид мэдэх юм. Түүнээс хойш мань хүн нэг л биеэ чагнамтгай болчихож билээ. Учрыг лавлахаар, хорт хавдар зарим талаар удамшдаг гэж номонд бичсэн байна лээ гэх. Москвад Гал командын сургууль төгсөж ирээд дүүргийнхээ гал командад он удаан ажилласан юм. Дөч гараад байсхийгээд л үзлэгт ороод гэх болов. Арай хэтэрнээ, Эрка гэвэл, хянуулахгүй бол болохгүй. Зөн совин минь тэгээд байна гэдэг байлаа.

Арваад жилийн өмнө нэг шөнө над руу утасдлаа. “Мөөгий эс хэллүү. Хэдэн өдөр үзлэгээр орлоо. Бүдүүн гэдсэнд чинь сэжигтэй зүйл илэрлээ гэснийг нь өнөөдөр тодруулж, эцсийн хариу авлаа. Хорт хавдар эхний шатандаа байна гэнээ. Удахгүй хагалгаанд орох боллоо” гэдэг байгаа. Эхэндээ ч итгэсэнгүй. Төдөлгүй анд минь үнэнээсээ хагалгаанд орж, амжилттай болсноор өнөөдөр гэртээ, хувиараа бизнес хийж сууна даа. Урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураар хандахын ач холбогдол энд л байгаа юм. Энэхүү бичвэрийг минь уншсан хүн болгон дээр өгүүлснийг дагана гэдэгт найднам. Бүгдээрээ жилд дор хаяж нэг, болвол хоёр удаа үзлэгт орж байя тэгэх үү. Танд амжилт хүсье.

Эмч, сэтгүүлч Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ