Иргэд шаардлагыг үл ойшоож, ойрын хугацаанд нийгэм, эдийн засгийн бодит сэргэлтийг хангахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ албан ёсоор мэдэгдэж байна
Иргэд бензин шатахуун, цалин, татварын асуудлаар Төрийн ордны зүүн хаалганы гадна жагсаж, УИХ дахь бүлгүүдэд шаардлага хүргүүлнэ гэв.
Тэд хэлэхдээ, "Ардчилсан нам өнөөдөр эрх баригч нам биш. Иймд ард иргэд та бүхнээс МАН-д хатуу шаардлага тавьж, бодитойгоор шахаж ажиллахыг хүсэж байна. Сөрөг хүчнийхээ үүргийг хүчтэй, тодорхой гүйцэтгэж өгөөч ээ гэж иргэд шаардаж байна.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар улс орны хувьд хамгийн хүнд үедээ байна. Иргэдийн амьжиргаа өдөр ирэх тусам доройтож, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хүндрэн, орон даяар эдийн засгийн доголдол үүсээд байна. Төрийн албан хаагчдын цалин, урамшуулал нэмэгдэхгүй, Улаанбаатар хотын иргэд өдөр тутамдаа гэртээ харихын тулд олон цагаар түгжрэлд орж байна. Томуу, халдварт өвчнөөр өвдсөн хүүхдүүд эмнэлгийн орны хүрэлцээгүйгээс өвлийн коридорт хэвтэж, халуунд шахцалдаж байна.
Ийм нөхцөлд УИХ дахь АН-ын бүлэг дараах шаардлагуудыг дэвшүүлж байна.
Нэгдүгээрт, шатахууны хомсдол улс даяар үүсэж, иргэд бензин авахын тулд 3–4 цагийн турш дараалалд зогсож байна. Малчид өвс, тэжээлээ бэлтгэж чадахгүй, эрүүл мэндийн байгууллагууд хүртэл шатахуунгүйгээс үйл ажиллагаа доголдож байна. Иймд шатахууны хомсдолыг 7 хоногийн дотор шийдвэрлэж, салбар хариуцсан сайд болон Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж байна.
Хоёрдугаарт, Монголбанк инфляцыг 8.2 хувьтай байна гэж мэдээлж байгаа ч бодит байдал дээр иргэдийн амьжиргаа маш хүнд, эмзэг бүлгийн иргэд хүнсний хомсдолд орох аюул нүүрлээд байна. Ахмадууд тэтгэвэр, тэтгэмжээ цаг тухайд нь авч чадахгүй, эмнэлэгт хэвтэхэд нийгмийн даатгалын сангийн мөнгө байхгүй гэх шалтгаанаар 100 хувь өөрсдөө төлж байна. Иймд төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцыг бууруулах, бодит судалгаа, тоо баримтыг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.
Гуравдугаарт, 2025 оны төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр тасарснаас төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд хэрэгжихгүй, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүйд хүрч, дансаа хаалгаж байна. Он гарснаас хойш 200 гаруй томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Иймд татварын дарамтыг нэн даруй бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхийг шаардаж, чадамжгүй Засгийн газрыг огцруулахыг шаардсаар байна.
Дөрөвдүгээрт, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байгаа үед төрийн данхар бүтцийг цомхотгож, дэд сайд нарыг буцаан татах, бодлого шийдэлгүй, хариуцлагагүй Засгийн газарт хариуцлага тооцож, нэн даруй огцруулахыг шаардаж байна.
Тэтгэвэр нэмэхгүй, улс орон мөнгөгүй гэдэг атлаа, дэд сайд томилж, цалин тавих мөнгөтэй юм байна.
Хэрэв эдгээр шаардлагыг үл ойшоож, ойрын хугацаанд нийгэм, эдийн засгийн бодит сэргэлтийг хангахгүй бол иргэд бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ албан ёсоор мэдэгдэж байна.
АН нь сөрөг хүчнийхээ үүргийг илүү хатуу, тууштай гүйцэтгэж, ард иргэдийн талд бодитоор зогсох ёстой. Бид хүйтэнд зогсож жагсахыг хүсэхгүй байна, бензин колонк дээр олон цагаар дараалалд зогсохыг хүсэхгүй байна. Албан тушаалын томилгоо шударга бус, үр ашиггүй байгааг ч бид шүүмжилж байна.
Ард иргэдийн дуу хоолойг эрх баригчдад хүчтэй хүргэж, бодит өөрчлөлт хийхийг бид АН-аас шаардаж байна" гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ