П.Цагааныг цаазалчихвал яасан юм бэ даргаа?

                        

       Ачит Ихт компанийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших шийдэлд хүрчээ гэх мэдээллийг сонссон хүн бүр янз янзаар л хүлээж авч байх шиг. Төрийн шийдвэр, үндэсний компанийн өглөг, дээрэм, булаалт, овоо доо магадгүй энэ шинэ жилийн хамгийн том бэлэг гээд аль утгаар нь хүлээж авч ойлгох нь таны л эрх. Гэвч төр хувийн хэвшил түншилж зөвшилцөж ойлголцож ажиллах болсон мэдээлэлтэй зэрэгцэн бүгдийг нь хураа, П.Цагааныг цаазалчихвал яасан юм бэ даргаа гэх нь холгүй ногоон малгайтны, мэргэжил өөр ч мэдэгдэхүйц хэв шинжит хуруу дарам “муудсан хүн” дүрүүд улс төр, хууль, сэтгүүлзүйн салбарт дахиад л ургаад  гараад ирэх жишээтэй.

      Муу сайн ч гэсэн Монголын төр, нийгэм, хөгжлийн зүтгэлтэн, тэр дундаа П.Цагаан шиг хашир, няхуур, зарчимч хүн 3 сая гаруй хүний нийтийн эрх ашгийг нь харж Монгол төртэйгөө зөвшилцсөн болохоос 3 ширхэг хүний шантаажанд орж шантаажчидад хувь хүртээнэ гэвэл тийм зүйл хэзээ ч бүтэхгүй гэдэг нь нэн тодорхой. Ер нь Ц.Гарамжав шиг, П.Цагаан шиг зарчим суурьтай ааш ая дантай улсууд зэрлэг ургамалыг усалж болдоггүй, усалвал улам олуулаа болж нийгмийн хөгжилийн үр шимийг булаалдаж, сорж, нийтийн эрх ашгийг хойш чангааж улс орны хөгжлийн ургацыг удаашруулах аюултай гэдгийг эрхбиш мэднэ. Мэддэг болохоороо шантаажлуулна, гүрийнэ, бас дарамтлуулна. Шантаажчингуудынхаа хэлж ярьж байсныг нь хэвлэлээр ил яриад, бичлэгийг нь гаргаж цацаад явчихдаггүй мэдлэг ёс зүйдээ хүлэгдсэн сэхээтнүүд,  хүнлэг байснаараа буруудаж,  хүнийг бодсоноороо өөр дээрээ ирэх хохирлын үнэлгээгээ улам бүр томруулдаг, нийгмийн хөгжлийн ачаа татах үүрэгтэй, нэрэлхүү зантай, хүндхэн мэдрэмжээр орчлонг туулагсад, өрөвдмөөр, өөдгүй хүмүүс ч юм шиг.

      Хөөрхийс, үр хүүхдүүддээ хэлж ойлгуулж, уучлал хүсчихээд л үхтэлээ гүрийж мэдэх хүмүүжилтэй, ааш ая дантай хөгжиж буй Монголын хүний нийгмийн хөгжлийн зүтгэлтнүүд. Бурууд зөвхөн буруу хараад суучихдаг гэмээр тэдгээр цөөн хүмүүс, нийгэмдээ бол нийтийн мөрөөдөл, нийгмийн хариуцлагыг биелүүлэх зөв сайн ажлуудыг хийхдээ харин ч нэг баяр баясгалантайгаар харамгүй цацна.

 Пунцагийн Цагааны тухайд л гэхэд Монголын үр хойч, өсвөр залуу үеийн төлөө хийсэн Мөрөөдөл биелэх мөсөн өргөөг нь санхүүжүүлдэг боловсруулах үйлдвэрлэлийн төсөл нь бизнесийн “хоригдол” болж үйл ажиллагаа нь зогсоход, Степпе Арена Мөсөн өргөө нь хамгийн чухал цаг болох халуун зунаар санхүүжилт нь хүндэрч, мөсөө хайлуулан уйлж, хэдэн сараар үүднээс нь буцах мянга мянган хүүхдүүдийн нулимастай хамт урсаж байхад, нийгмийн хариуцлагын төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч нь харь оронд эмчлүүлж элэг зүрх нь эгшиж хэвтэхдээ, мөрдөгдөж, мөшгөгдөж байгаа мэт гутаалган доромжлуулахдаа, “Миний нэр яах вэ Монголын нэр Олон Улсын хөрөнгө оруулагчдад яаж гутаагдаж байгаа бол, ингээд ирэхээр л хөрөнгө оруулалт үргэж, эдийн засаг элгээрээ хэвтдэг дээ гэж эмнэлэгийн орон дээр халаглаж байсан гэдэг.

      Халуун зунаар хүүхэд залуусын тоглох дуртай мөсөн өргөө ийн аргагүйн эрхэнд мөсөө хайлуулж уйлж байхад, мөнөөх шантаажчидын мөс чанар бас хайлж урсаж, улам бүр улангасан үерлэж дайрч байсан нь саяхан л юм шүү.

За тэр ч яахав. Хүнлэг талаас нь хүн ёсоор хараад ёс зүйтэй бичээд ирэхээр зарим нэг  хүмүүс бас андуурч, эндүүрч даврах ч юм билүү. Тэгэхээр байнаа, Ачит Ихт компанийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших шийдэлд нэгэнт хүрчээ. Нийтээрээ нийгмээрээ сонслоо, хүлээж авлаа. Гурван сая Монголчууд ойлголоо.

 Одоо харин дахиад П.Цагаанруу дайрах нь огиудас хүрэм муухай үнэртэж байна. Хуруу дарам “муудсан хүн” дүрүүд хуучин ондоо үнэр танараа үлдээ.

 Гадна дотно хөрөнгө оруулагчид салхинд чинь зогсож чадахааргүй “баба” байна. Тэгээд ч П.Цагааны, Ц.Гарамжавын санаа зовсончлон эдийн засаг элгээрээ хэвтэж эхэллээ. Буруутан хайх өдөр заавал ирдэг юм шүү. Тэр үед чи ч, та ч үнэргүй байх хэрэгтэй шүү дээ.

 Уруугаа харсан мод ургадаггүй шиг, гол ус эргэж урсдаггүй шиг, хичнээн хааж боогоод ч цөн түрдэг шиг, миний чиний Монгол нэгэн цагт хөгжингүй орон болж л таарна. Тэр сайн цагийг наашлуулахын төлөө, шинэ ондоо төр, хууль, хувийн хэвшил, сэтгүүлчид гээд бүгдээрээ л хаана хаанаа улс орныхоо хөгжлийн төлөө шинээр нэгийг бодож, хоёрыг сэтгэж зүтгэх л ёстой.

    Сэтгүүлч Д.Оюу

May be an image of hockey and text

May be an image of hockey and text that says 'Si PPARE RE 8'

СЭТГЭГДЭЛ БИЧИХ