Нийт нутгийн 74 хувьд цастай, 10 аймагт өвөлжилт хүндэрч байна
Монгол орны нийт нутгаар өвөлжилт хүндэрч, цагаан зудын нөхцөл байдал үүсэж эхэлснийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
2025 оны төгсгөлд хийсэн хээрийн хэмжилтээр нийт нутгийн 74 хувьд цастай, цасны зузаан Увсын Ховд, Завханы Цэцэн-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдын нутгаар 30-40 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар багасжээ.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Сэлэнгийн Хушаат, Орхонтуул, Өвөрхангайн Төгрөг, Гучин-Ус, Баянгол сумдад цагаан зудтай байна.
Харин Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Булганы Баяннуур, Хангал, Рашаант, Гурванбулаг, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Түшиг, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дархан-Уулын Орхон, Хонгор, Шарын гол, Дорнодын Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чулуунхороотод цагаанаар зудархуу байна.
Нийт нутгийн 74 хувьд цастай байгаа аж.
1 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилт нийт нутгийн 3%-д нэн их, 17%-д их, 38%-д дунд, 26%-д бага зэрэг хүндрэлтэй, харин 16%-д хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар их хүндрэлтэй байх төлөвтэй байгааг ЦУОШГ-с мэдээллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ