Зам тээврийн зөрчлийн торгуулийг автоматжуулсан системээр гүйцэтгэж эхэллээ
УИХ-аас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуульд 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийг өнгө, улсын дугаар, төрөл, үйлдвэрлэгчээр нь таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгах, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагааг автоматжуулсан системээр гүйцэтгэнэ. Шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгээр баталгаажуулах” талаар зохицуулалт орсон.
Тус зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил буюу дараах замын хөдөлгөөнд нөлөө үзүүлдэг зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцох боломжтой болж буй. Үүнд, гэрлэн дохио, эгнээ байр буруу эзлэх, зогсох шугам давж зогсох, түр зогсох хориотой газар удаан зогсох, урсгал сөрөх, үргэлжилсэн цагаан зураас давж эргэх, хурд хэтрүүлэх болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан гэх мэт зөрчлүүдийг илрүүлж, хариуцлага тооцох юм.
Энэ талаар НИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр “Иргэдээс “Би дүрмээ мөрдөж явж байхад бусад нь яагаад зөрчиж байна вэ” гэх санал, шүүмжлэл түгээмэл гардаг. Тиймээс энэхүү системийг нэвтрүүлэхдээ торгох, шийтгэхээс илүү замын хөдөлгөөнд соёлтой, зөв боловсон оролцдог ирээдүйн нийгмийн эхлэлийг тавихыг зорьж байна. Энэ хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг тодорхой төлөвлөгөө, графикийн дагуу туршилтын хугацаанд ажиллуулж үзэхэд, тухайн уулзваруудад гардаг зөрчил мэдэгдэхүйц буурсан эерэг үр дүн гарсан. Жолооч замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй л бол торгуулийн мэдэгдэл хэнд ч очихгүй. Иймд иргэд энэхүү шинэчлэлийг замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх эхний алхам гэж ойлгох нь зүйтэй” гэлээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 3.5 дугаар зүйлд торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэлийг тусгаж өгсөн. Торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлалыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж тусгагдсны дагуу “Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал”-ыг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ