Яг нэг хоёрын гурваа “Ий”гэх гэтэл...

        Он солигдох мөчид хэлдэг төрийн гурван өндөрлөгүүдийн үгнээс ард иргэд, ажил олгогчид, гадна дотны хөрөнгө оруулагчид, үндэсний баялаг бүтээгчид гээд олон нийт итгэл үнэмшил, эрч хүч, бодлогын манлайллыг хүлээж, сонсож байдаг. Магадгүй муу муудаа дасна гэгчээр ард иргэдийн цөөнх нь бэлэн мөнгө тараахнуу гэж хүлээж суудаг байж болох ч, улс орны нийгэм, эдийн засгийн хөтлөх зүтгүүр болох үндэсний хөрөнгөтнүүд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид тэднээс тэс ондоо зүйлийг хүлээж суудаг нь тодорхой. Монгол төрийн чухал гурван институцийн дарга нар баялаг бүтээгчиддээ, бизнес эрхлэгчиддээ урам хүч өгье гээд  Нэг хоёрын гурваа “Ий” гэх гэтэл “Зандка ЕС” маань яачихваа.

May be an image of newsroom and text

 Нийгмийнхээ хөтлөгч хүч болж ирсэн ч, өнгө өнгөөр цоллуулан байж хулгана барьж ирж төсөв бүрдүүлдэг, түмэн олноо араасаа дагуулж явдаг ажил олгогч, томоохон татвар төлөгчиддөө тааламжтай мессежийг хэлэх боловуу гэсэн хүлээлтэд хаа очиж Ерөнхийлөгч У.Хүрэлсэх, УИХ-ын дарга Н.Учрал нарын мэндчилгээ мессеж ерөнхийдөө болоод нийцээд явчих шиг. Харин түүчээлж дуугарах учиртай Ерөнхий сайд Г.Занданшатар маань ашгүй дээ гээд араас нь хүч нэмээд авах биш, харин ч Ерөнхийлөгч, Спикер хоёроосоо энэ тал дээр итгэл муутай дуугарч хоцорч, зүүгдэж байхыг сонсоод ихэд гайхсанаа сошиал орчинд цөөн ч гэсэн хүмүүс илэрхийлсэн байна. Г.Занданшатар Ерөнхий сайдад сэтгэл зориг дутав уу, эсвэл “хуучин данх”-аас гашилсан цай уугаад, өмнөх засагт ажиллаж байсан өнгөө хувилдаг хамеолонуудаасаа одоо болтол салж чадаагүй удааширч, тэдний үгэнд автаж, тийчилж дунд нь шаналж байгаа юу бүү мэд. Уг нь тэрээр өмнө нь Ерөнхий сайдаар сонгогдохдоо ямар нэршилтэй Засгийн газар байх вэ гэсэн асуултад  “Муур хар, эсвэл цагаан ямар өнгөтэй  байх нь хамаагүй. Гол нь хулгана барьдаг л  байх ёстой” гэсэн Дэн даргын үгийг дурдаад, “Мэдээж хэрэг Монголын Засгийн газар байна. Тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг зоригтойгоор даван туулсан, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн ийм л засгийн газар байна даа гэж хэлж байсан удаатай. Харин одоо эрхэм ерөнхий сайд таньд хэлэхэд өчигдөрхөн ярьсанаа мартаж засаг төр нь муураа агнах биш, хулгана бариулахын тулд поп улс төрчид, хуулийн байгууллагуудын хуудуутай нөхдүүдээс хулгана барьж ирдэг муурнуудаа хамгаалж, элдэв уяа чөдрийг нь тайлж урам дэм өгч байж, та болон танай засгийн газар томоохон баялаг бүтээгч, ажил олгогчидтойгоо хамтарч хулганаа барьж төсвөө бүрдүүлж, эдийн засгаа босгож, нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлнэ гэдгийг сануулмаар санагдлаа. УИХ-ын дарга Н.Учрал  гэхэд л “Чөлөөлье” санаачлага өрнүүлж, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд чөдөр тушаа болсон 15 зөвшөөрлийг цуцлуулахаар шинэ оны ажлын анхны өдөр буюу өчигдөрхөн явж байх жишээтэй. Ерөнхий сайд таны хувьд татвар ярихаасаа илүү томоохон баялаг бүтээгчид, бизнесийнхэнд улс төрчидөөр, төрийн албан хаагчидаар, хууль шүүхийн байгууллагуудын нөхдүүдээр дамжуулж халддаг хуучин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын муу жишгийг халж байгаагаа үгээр, үйлдлээр зоригтой, биелүүлж, батжуулж, олон томоохон жишээгээр харуулах хэрэгтэй болж байна. Том зургаараа бол тийм. Бас дээр нь нэмээд жижиг гэлтгүй хуучны ногоон малгайтны дүртэй хууль сахиулагч нэртэй завхруулагчид, босоо хөх БЭТ-үүд, шат шатны шантаажчиддаа хариуцлага тооцохгүй бол горьгүйнээ.  Ингэж чадвал таньд болон танай засгийн газарт тэр хайгаад хүлээгээд байгаа итгэл сэтгэл тань өөрөө хүрээд, хүрээлээд  ирнэ.

Эхлээд татвар ярих биш, том харж, том бүтээдэг, том төлдөг ажилсаг муурнуудаа уяанаас нь суллаж, бизнесийн эрх чөлөөг нь хамгаалах нь зөв болов уу л гэж бодох. Аливаа зүйлд эрэмбэ дараа чухлыг өнөөгийн Монголд тулгарч буй бусармаг байдлыг туулаад хөгжсөн олон орны жишээнээс та эрхбиш уншиж судалсан бизээ.

     Баялаг бүтээгчид,бизнесийнхэн хэзээ ч эрх чөлөөг үнэгүйдүүлж цаг нөхцөөдөггүй  бөгөөд, хэлэх нь хойноо, хийх нь урдаа төрлийн хүмүүс болохоор эрх, эрх чөлөөг нь эхлээд нээгээд, урам дэм өгчихвөл, аяндаа тэд хулганаа, татвараа, амнатаа амандаа зуугаад л ирнэ. Тэгэхээр танай Засгийн газрын хувьд, “Шинэ Итгэл” өгөөч гэж гуйгаад хуучинтайгаа зууралдаад суух биш, эдийн засгийн “Шинэтгэл”-ээ цаг алдалгүй хийж бүтээдэг эзэдтэй нь, хулгана барьдаг ажилсаг муурнуудтайгаа хамтарч хийх нь зүй ёсны, зөв дараалал юм шүү дээ.  

  Сэтгүүлч Р.Баасандаш   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ