2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хуулиудыг танилцуулж байна.
Хиймэл оюун ашиглан торгууль ногдуулна
Хиймэл оюунд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах ажил 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.57-д, Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд хувь хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан. 2024, 2025 онд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 хиймэл оюун бүхий AI камер суурилуулж, 10 төрлийн зөрчилд торгууль ногдуулах болов.
Багш нарын цалинг 50 хувиар нэмнэ
Энэ онд багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмнэ. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмж, 2.8 сая төгрөгт хүргэхээр болж, төсөвт эх үүсвэрийг суулгасан юм.
Эмч нарын цалинг 50 хувиар нэмнэ
Энэ онд эмч нарын цалинг 30 хувиар нэмснээр одоогийн авч буй 1,1 сая төгрөг хоёр сая 40 мянган төгрөг болох юм. Түүнчлэн залуу эмч нарын цалин 1,4 сая байгааг 1,9 сая төгрөг болгоно. Цаашид үе шаттай 75 хувь нэмж, 2026 онд багтаан гурван сая төгрөгт хүргэнэ.
Ахмад настны тэтгэврийг 80 мянган төгрөг болгов
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Эдгээр нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж байна. Энэ хүрээнд ахмад насны тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэв.
Иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ
Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар, Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван сантай болсон. Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг. Энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах юм. Нэрийн дансанд бүртгэсэн хуримтлалын сангийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын "Чингис хаан" Үндэсний баялгийн сан цэснээс шалгах боломжтой.
Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 10 хувиар нэмэв
Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн тогтоож, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилт тусгасан юм. Тодруулбал, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журамд өөрчлөлт оруулж, 30 хувь байсныг 40 хувь болгон өөрчилсөн тогтоолыг нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэв.
36 сарын тэтгэмжийг нөхөн олгоно
Төрийн албан хаагч 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалтыг Засгийн газраас хэрэгжүүнэ.
16 мянган хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллана
Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон. Энэ хүрээнд аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгах юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ