Сэрэмжлүүлэг: Хуурамч зарын дагуу 3 сая төгрөгөө залилуулжээ
“Та мөнгө хожлоо” гэх агуулгатай хуурамч мэдээлэлд итгэн банкны нууц үгээ оруулснаас үүдэж иргэд их хэмжээний мөнгөн хохирол амсах тохиолдол нэмэгдсээр байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ, тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягуудаас “Та мөнгө хожлоо, банкны нууц үгээ оруулж мөнгөө аваарай” гэх мэт итгэмээр харагдах боловч худал мэдээлэл түгээж, иргэдийг залилан мэхлэх үйлдэл нэмэгдэж байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2026 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр нэгэн иргэн дээрх агуулгатай мессежид итгэн холбогдож, илгээсэн линкээр орон дансны нууц үгээ оруулсны улмаас 3 сая 300 мянган төгрөгөө алдсан ноцтой хэрэг бүртгэгджээ. Залилан үйлдэгчид банкны албан ёсны хаяг мэт харагдах лого, бичвэр ашиглан итгэл төрүүлж, богино хугацаанд мөнгө авах боломжтой гэх сэтгэлзүйн дарамт үүсгэдэг нь иргэдийг болгоомжгүй үйлдэл хийхэд хүргэж байна.
Иймд иргэдэд “та шагнал хожлоо”, “мөнгөө яаралтай авна уу” гэх агуулгатай үл таних мессеж, линк ирсэн тохиолдолд сайтар нягталж шалгах, үл мэдэх холбоос дээр дарахгүй байх, хувийн болон дансны нууц мэдээллээ ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байхыг албаныхан анхааруулж байна. Банк, санхүүгийн байгууллагууд нь иргэдээс нууц үг, нэг удаагийн кодыг чат, мессежээр асуудаггүй гэдгийг мөн дахин санууллаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн сонор сэрэмж, хариуцлагатай байдал хамгийн чухал бөгөөд сэжигтэй тохиолдлыг холбогдох байгууллагад цаг алдалгүй мэдээлэх нь ижил төрлийн хохирол дахин гарахаас сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ