П.Цагаан: Ажил хийсэн нь адлагддаг “цөвүүн цаг” уу
“Шугам” нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарт “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг урьж, тус компанийн Засгийн газартай хийж байгаа хэлэлцээр болон өөр олон асуудлын талаар ярилцлаа.
-"АЧИТ ИХТ" ХХК ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТАРСАН КОМПАНИ БАЙХ ТУЙЛЫН СОНИРХОЛТОЙ-
-Өнгөрсөн баасан гарагт “Ачит Ихт” компаниас мэдэгдэл гаргасан. Тодруулбал, Засгийн газартай хэлцэл хийхээр байгуулагдсан ажлын хэсэг үйл ажиллагаагаа зогсоож байна гэж. Энэ юу болж өнгөрсөн бэ?
-“Ачит Ихт” ХХК нь Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан компани байх сонирхолтой. Анхнаасаа ч тийм байсан. Олон удаа хүсэлт тавьсан ч улс төрийн болоод бусад хүчин зүйлсээс шалтгаалж хэрэгжихгүй өнөөдрийг хүрсэн. Хэдэн сарын өмнө батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ач холбогдолтой орд, түүний овоолгын тодорхой хувийг үнэ төлбөргүй улс авах тухай заасны дагуу яриа хэлэлцээр явж байсан. Энэ удаад яриа хэлэлцээрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан компанитай болох юм байна гэсэн хүлээлттэй байсан. Би өөрөө гадаадад эмчлүүлж байсан зэрэг шалтгаантай байсан учраас мэргэжлийн хүмүүсийн төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулаад ажиллуулсан юм. Хэдийгээр Үндсэн хуультай зөрчилдсөн ч гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн заалтын дагуу 34 хувиа өгөх яриа хэлэлцээ хийгээд “за” гээд зөвшөөрөнгүүт улс дахиад 50 хувийг нь авъя гэсэн зүйлийг ярьсан. Ингээд манай ажлын хэсэг яриа хэлэлцээ хийх боломжгүй байна, эрх хэмжээнээс хэтэрсэн гэж үзээд татан буулгагдсан. Одоо бол компанийн хувьцаа эзэмшигчид Засгийн газар, ажлын хэсэгтэй хэлэлцээр хийх нь зүйтэй гэсэн шийдэлтэй байна.
-Танай мэдэгдэлд Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасан хувийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон бол 34 хувийг нь төр үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн заалтын хүрээнд хэлцэл явж байсан. Гэтэл улс Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх заалт буюу улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон бол улс 50 хүртэлх хувийг нь эзэмшинэ гэсэн агуулга дээр ажлын хэсгийн хэлэлцээр зөрж эхэлсэн гэсэн агуулга байна лээ. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн хоёрдугаар овоолгын нөөцийг хэний хөрөнгөөр тогтоож байсан юм. Хоёрдугаарт, Ачит Ихт компанийн гидрометаллургийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад төрөөс хөрөнгө оруулсан уу?
-Сүүлийн асуултаас эхлээд хариулахад гидрометаллургийн үйлдвэрт нэг төгрөгийн ч хөрөнгө оруулаагүй. Ямар ч уул уурхайг дагаад овоолго үүсдэг. Тухайн үед байсан Орос, Монголын хамтарсан үйлдвэрийн саналыг үндэслээд Эрдэс баялгийн зөвлөлөөс 1972, 1991 онд Эрдэнэт үйлдвэрийн балансаас хоёрдугаар овоолгыг хассан шийдвэр гаргасан. Хоёрдугаар овоолгын нөөцийг ашиглахын тулд манай компани өрөмдлөг хийгээд, гадаад дотоодын эрдэмтдийг оролцуулж нөөцийг нь тогтоогоод, Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулаад, Эрдэс баялгийн нөөцийг арвижуулсан ажил хийсэн юм л даа.

-СҮҮЛД БАТЛАГДСАН АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛ МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ СААТУУЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НАМ ЗОГСООХ ХУУЛЬ-
-Овоолго ер нь стратегийн орд мөн юм уу?
-Би судлаач хүний хувьд, бусад орны жишгийг мэддэг хүний хувьд өөр оронд ийм жишиг хараагүй. Критикал минерал буюу стратегийн ач холбогдолтой эрдэс баялаг гэсэн ойлголт гадаад улсад байдаг. Манай улсад бол ДНБ-ий 5-аас доошгүй хувьтай тэнцэх, Монгол Улсын хөгжлийг суга татах ордуудыг төрлөөс нь үл хамаарч стратегийн орд гэж тодорхойлсон. Жишээ хэлэхэд Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа гурван үйлдвэрийн бүх бүтээгдэхүүнийх нь дүн нь манай улсын ДНБ-ий 0.1 хувь буюу маш бага хэмжээтэй байдаг. Манай компанийн хувьд хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүмүүсийг ажлын байраар хангаж, улсад төлдөг татвар хураамжаа нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй.
Ингэхийн тулд Эрдэнэт үйлдвэртэй хамтрах юм бол илүү үр дүнтэй гэж үзээд 2014 оноос эхлээд "хамтарч ажиллая, манай компанид хувьцаа эзэмшээч" гэсэн хүсэлтээ илэрхийлж ирсэн.
-2006 оны Ашигт малтмалын хуулиар өөр байсан. “Төр өөрийн хөрөнгөөр илрүүлсэн бол 34 хүртэлх хувийг эзэмшиж болно, гэхдээ энэ үнийн дүнд таарсан хөрөнгө оруулалтыг хийнэ. Улсын хөрөнгөөр нээн илрүүлсэн бол төр 50 хүртэлх хувийг эзэмшиж болно, мөн л энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг хийнэ” гэж заасан байдаг. Харин 2024 онд батлагдсан хуулиар “төр үнэгүй эзэмшинэ, бас түүний үүсмэл ордын төдий чинээний хувийг эзэмшинэ” гээд л заасан байна шүү дээ.
-Би судлаач хүний хувьд, эх орныхоо хөгжил дэвшилд санаа зовдог хүний хувьд хэлэхэд сая батлагдсан хууль бол Монгол Улсын уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг нам зогсоож, хөгжил дэвшлийг саатуулах хууль. Овоолго дээр битгий хэл үндсэн орд дээр орж ирэхгүй. Ямар эрүүл ухаантай хөрөнгө оруулагч өөрийнхөө компанийн 50 хувийг үнэгүй өгөх юм бэ. Үндсэн хуультай зөрчилдөж байгаагаас гадна манай хөгжлийн тушаа, чөдөр болсон, хориг тавьсан, эх оронч юм шиг мөртөө түүнийг зогсоосон хорлонтой заалт. Манай компанийг улс төрийн, хувийн ямар нэгэн зорилготой золигт гаргаж, үзүүлэн болгож байгаа үйл явц. Гэхдээ түүнийг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүсийг бид ойлгож байна. Учир нь бидний Эрдэнэт үйлдвэртэй хамтарсан байх зорилгод нийцэж байгаа учраас буруу, зөв ярихаа болиод хамтраад цааш явъя гэсэн үүднээс бид хэлэлцээр хийж байгаа.
-НАДАД ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХ, АТГ ГЭЭД ТАЛ ТАЛААС ХУТГА ТУЛГАЧИХСАН БАЙГАА. ХУТГА ТУЛГАЧХААД ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ БОЛОХ УУ-
-Ачит Ихт компанийн гаргасан мэдэгдэл дотор "34 хувиа өгье" гэж 14 удаа Эрдэнэт үйлдвэрт, 3 удаа ажлын хэсэгт хандсан гэсэн байна лээ. Тэгэхээр та бүхэн энэ хууль батлагдахаас өмнө 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт өгье гэж хандаад аваагүй байж. Авдаггүй байсан юм уу. Юу гэж хэлдэг байсан юм. Эсвэл сонгуулийн сэдэв болгох гээд авдаггүй юм уу?
-Хэд хэдэн шалтгаантай. Анх 2014 онд туршилтын үйлдвэр эхэлж байхад Эрдэнэт үйлдвэрт "34 хувиа ав, ТУЗ-д хоёр хүнээ томил, хамтарч ажиллая" гэсэн санал өгсөн. Тухайн үеийн Эрдэнэтийн удирдлагууд ажлын хэсэг гаргаж манай үйлдвэрийг судалж үзээд "энэ бол технологийн хувьд маш их эрсдэлтэй, балансаас хасагдсан овоолго үр ашигтай байх нь тодорхойгүй, санхүүгийн хувьд эрсдэлтэй" гээд “оролцохгүй, үйлдвэрлэл явбал төлбөр авъя" гэсэн шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр нь бид Австрали, Хятад, Казахстанаас хүмүүс авч ирж ажиллаж байгаад холимог хүдрээс зэс гарган авдаг технологийг Монголд нутагшуулсан нь амжилттай болсон. Үүний дараагаар манайхаас үнэгүй хувьцаа, мөнгө нэхсэн төрийн өндөр албан тушаалтан биднийг гүтгэж эхэлсэн. Сүүлд нь бид хувиа өгье гэхээр бас л тэр хүмүүсийн оролцоотойгоор олон шалтгаан ярьсаар өнөөдрийг хүрсэн.
-Танай мэдэгдлээс хувьцаа эзэмшигч нар хэлэлцээг үргэлжлүүлэх нь гэж ойлгож байгаа. Тэгэхээр та хэлэлцээ хийх юм уу. Үр дүнд хүрнэ гэж бодож байна уу?
-Үр дүнд хүрнэ гэж бодож байна. Гэхдээ маш хүнд нөхцөлд байгаа. Ний нуугүй хэлэхэд надад цагдаа, шүүх, прокурор, АТГ гээд тал талаас хутга, шөвөг тулгаад, улс төрийн шинжтэй олон хэрэг тохчихсон байгаа.
Гэхдээ энийг одоогийн Засгийн газар хийсэн гэж бодохгүй байна. Энэ бол өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн явуулгын үр дүн энэ хэлэлцээртэй давхцаж байгаа юм. Хүнд хутга тулгачхаад хэлэлцээ хийж болох уу. Сайн дурын хэлэлцээ хийгээд хамтарч ажиллая гэж байхад энэ мэт улс төрийн соёлгүй байдлыг алга болгочихвол маш хурдан үр дүнд хүрнэ. Гэхдээ бид нар Эрдэнэттэйгээ яримаар байгаа. Бас тохирсны дараа ард түмнийг сайхан болгоно гэж пи-ар хийх гэж байгаа бас утгагүй. Манайхаар ингэж туг тахичхаад бусад компанийг тамлан зовоогоод, юмыг нь үнэ төлбөргүй аваад байвал эдийн засаг уруудна шүү дээ. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Улсын эрхэм гишүүд энэ хуулиа эргээд нэг харж үз л дээ.

-МАНАЙ КОМПАНИЙГ ИНГЭЖ ЧАНГАЛЖ, ДАРАМТАЛЧХААД БУСАД КОМПАНИЙГ ШАХАЖ, УУЛ УУРХАЙН САЛБАРТ УНАЛТ ҮҮСЭХ ВИЙ ГЭДГЭЭС БОЛГООМЖИЛЖ БАЙНА-
-Танайх сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад татвар, төлбөр, хураамжид хэдий хэмжээний төгрөг төлсөн байдаг юм. Мөн нийгмийн өгөөжийг тооцож үзсэн гэж хэлсэн. Хэдэн хувь байсан бол?
-Хамгийн багаар бодоход 51 хувь. Нийгмийн зориулалттай төслүүдээ хэлэх юм бол 60 гаруй хувь байгаа. Энгийн ганц жишээ хэлэхэд Мөсөн өргөө барьж, өнгөрсөн хугацаанд хоёр сая хүнд үйлчилсэн. Мөн манай гэр бүл цахим үндэсний номын сан байгуулсан. Сүүлийн арван жилийн турш олон хүнийг санхүүжүүлж, боловсролд нь хөрөнгө оруулалт хийсэн. Манай компани технологи ашиглаж, татвар төлж, нийгмийн өгөөж зэргээрээ олон улсад ч тэргүүлэх төсөл. Хамгийн сайн төсөл гэдгийг судлаач хүний хувьд хэлж болно. Гэвч тодорхой хэсэг бүлэг хүн улс төр, сонгуулийн улмаас харлуулаад байгаа юм. Миний мөрөөдөл бол эрдэм боловсролтой, эрүүл чийрэг ирээдүйг бүтээх явдал. Бид үүний төлөө л ажилладаг. Хуулийн шаардлагыг биелүүлж ирсэн. Цаашид ч биелүүлсээр байх болно. Манай гэр бүл, компани үргэлж бүтээж ирсэн гэр бүл. Тухайлбал, газрын гүний дулаан, технологийн үйлдвэр, металл нунтаг, ундны усны хоолойг зэсээр өнгөлөх зэрэг санаачилгыг гаргаж, хэрэгжүүлсэн. Бид бол эх оронч үзэлтэй хүмүүс.
-Танай компаниар хэлэлцээрийг эхлүүлж буйг та юу гэж харж байгаа вэ?
-Манай компанийн хувьд холимог үйлдвэрийн агуулахтай. Тийм учраас зардал өндөр. Манай компаниар хэлэлцээг эхлүүлж буй асуудалд ямар нэг зорилго байгаа болов уу хэмээн хардаж байна. Гэхдээ түүнээс илүү манай компанийг ингэж чангалж, дарамталчхаад бусад компаниудыг шахах вий хэмээн санаа зовж, үр дүнд нь уул уурхайн салбарт уналт үүсчих вий гэхээс болгоомжилж байгаа. Иймд бид олон улсын жишгийн дагуу тооцоогоо хийж, хэлэлцээр хийхэд бэлэн байна.

-МИНИЙ ЭСРЭГ ЯВЖ БУЙ БҮХ АСУУДЛЫН АРД Н.АЛТАНХУЯГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛОН ТЭДНИЙ ХОЛБООТОН, АХ ДҮҮС Л БАЙГАА-
-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноос хойш тав хоногийн дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Засгийн газрын 16 дугаар тэмдэглэл гарч байгааг олон нийтэд хэлээгүй. Тус тэмдэглэлийн дагуу “Ачит ихт” компанийн цахилгааныг тасалчихсан. Угтаа бол эрчим хүчний асуудал танай компанийн хувьд нэгдүгээр зэргийн асуудал мөн. Тасралтгүй үйл ажиллагааг нь явуулах ёстой гэж заасан. Хэрэв цахилгааныг нь тасалбал ҮАБ-ын асуудал болно хэмээх тушаал байсан ч үйл ажиллагааг чинь зогсоосон. Эдгээр хүмүүс хуулийн хариуцлага хүлээсэн үү?
-Засгийн газраас тогтоол, захирамж гаргах ёстой. Гэтэл хурлын тэмдэглэлээр экспортын чиглэлтэй, тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн цахилгааныг нь тасалчихсан. Энэ бол болхи, бүдүүлэг, манай улсын бодлогод харш тэмдэглэл гарсан гэдгийг сүүлд мэдсэн. Түүний дараа манай компанийн үйл ажиллагаа 100 хоног зогссон. Улмаар тухайн үед Ц.Туваан сайд үйлдвэр дээр ирж, үйл ажиллагааг нь нээсэн. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй болхи, бүдүүлэг дээрэм. Тэр Засгийн газрын тэмдэглэл бол АН-ын дарга асан Н.Алтанхуяг болон түүний нөхөд, цаашлаад Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүмүүсийн хийсэн ажил. Энэ бол эдийн засагтаа хийж буй гэмт хэрэг шүү дээ.
-Та Засгийн газрын гаргасан энэ тэмдэглэлийг таны эсрэг хүмүүсийн өс хонзон дээр үндэслэсэн гэж үзэж байгаа хэрэг үү?
-Манай компанийг хууль хяналтын байгууллага 10 гаруй жил зовоож байна. Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх болсны дараа гүтгэлэг тарааж эхэлсэн. Би тухайн үед мэдэгдэл хийгээд л орхисон. 2010-аад оноос хойш энэ асуудал үргэлжилсээр байгаа. Норов овогтой хүмүүс одоо ч манай компанийн эсрэг худал мэдээлэл тарааж, үйл ажиллагаанд саад учруулсаар байна. Монгол улсад ийм цадиг, ёс зүйтэй Засгийн газар, Ерөнхий сайд байсныг би лав мэдэхгүй. Миний эсрэг явж буй бүх асуудлын ард Н.Алтанхуяг, Л.Оюун-Эрдэнэ хоёр болон тэдний ах, дүүс байгаа. Намайг бөөрөлхөж, дээрэлхэж байгаа юм байна л даа. Гэхдээ би бол шударга, үнэнчээр амьдарсан. Сэтэрхий зүү ч хулгайлах хүмүүжил надад байхгүй.

-Засгийн газрын тэмдэглэл гарсны дараа хуулийн байгууллага мэдээлэл хийсэн. Цаглавар компанийн дансанд 13.6 сая ам.доллар орсон байна гэж. Мөн Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын вайбар чат. Энэ хэрэг юу болж байгаа вэ?
-Тэр чат бол 100 хувь эвлүүлэг. Хотоос 400 километр орчмын зайтай үйлдвэрийн ажилтны компьютероос илрүүлсэн. Тэнд очоогүй, огт танихгүй хүний компьютероос илрүүлсэн гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь сошиал ордоггүй, аппликейшн суудаггүй компьютер байсан. Улмаар Интерполд ажилладаг хүн тус чатыг хуурамч гэдгийг Монголд очоод нотлоод өгье гэж ч хэлж байлаа. Тус чат хуурамч гэдгийг батлах олон зүйл бий. Миний бичсэн чат хариу ирсэн чатаас 341 минутын өмнө илгээгдсэн байдаг. Ц.Элбэгдоржтой ямар ч хамаагүй байхад хамаатай болгож, мөнгө угаасан хэмээн цагдаагийн байгууллага мэдээлэл хийсэнд үнэхээр шоконд орсон. Тухайн үед миний хувьд ямартай ч амьд үлдэх л хэрэгтэй гэж бодсон. Цаг хугацааны эрхэнд үнэн тодорхой болно гэдэгт би найдсан. Би болон манай эхнэр хуульч мэргэжилтэй хүмүүс. Бид ингэж хэлмэгдэж байхад энгийн иргэдийг хэлмэгдүүлнэ гэдэг амархан байх. Нэг ч хүн хэлмэгдэхгүй байгаасай л гэж хүсэж байна. Байж болох бүх хуулийг өөрчилж, хуулийн байгууллагын хүмүүсээр далайлгаж, хилийн хориг тавьж, мөрдөн байцаалтын нууц гэх мэт бүх аргаар хэлмэгдүүлсэн. Надаас болж 29 ажилтан маань гарч, орох бүртээ байцаалт өгдөг байлаа. Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй би хэзээ ч бизнесийн харилцаанд орж байгаагүй. Би үнэхээр их гомдож байна. БНХАУ, ОХУ зэрэг улс орнуудад эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бусдын өмч хөрөнгийг булааж авбал эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг онц ноцтой гэмт хэрэг гэж үзээд маш хүнд шийтгэдэг. Харин манай улсад хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг эрх мэдэлтэй хүмүүсээс хамгаалах эрүүгийн хуулийн баталгааг хийхгүй бол Монгол Улс хөгжихгүй.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж:Isee.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД