BTS хамтлаг дөрвөн жилийн дараа эргэн нэгдэхдээ 79 удаагийн аялан тоглолт хийнэ

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг бараг дөрвөн жил завсарласны дараа эргэн нэгдэж, 79 удаагийн аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. 

Энэ нь тэдний хамтлагийн түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй аялан тоглолт болох төлөвтэй байна. 

Тэдний тоглолт энэ оны дөрөвдүгээр сараас 2027 оны гуравдугаар сар хүртэл бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ.

BTS хамтлаг нь өмнө нь гол төлөв БНСУ-д болон АНУ-ын хотуудаар тоглолтоо хийж байсан бол энэ удаагийн аялан тоглолтоор Европ, Хойд Америк, Зүүн өмнөд Азийн орнуудыг зорино. 

Хамтлагийн бүрэн бүрэлдэхүүнээрээ хийсэн сүүлийн тоглолт нь 2022 оны аравдугаар сард Бусан хотод болсон "Yet to Come" тоглолт байв. 

Үүнээс хойш хамтлагийн гишүүд ээлж дараагаа цэргийн албаа хаасан юм. Завсарлагааны хугацаанд буюу 2024 онд Hybe компанийн үйл ажиллагааны ашиг 37.5 хувиар буурчээ.

Billboard болон Hybe агентлагийн мэдээллээр BTS хамтлаг эргэн ирэлтээрээ буюу тоглолтууд, мерчандайз бүтээгдэхүүн, цомог зэргийн борлуулалтаараа нэг тэрбум ам.доллар олно гэж тооцоолж байна.

Тоглолтын тасалбарууд нэгдүгээр сарын 22-ноос эхлэн борлуулагдана. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ