Үг зөөлөнтэйгөөрөө Д.Дондог л явах нь дээ

Энэ хэрэг 2008 оны УИХ-ын сонгуулиас эхтэй. Намаасаа сонгуульд нэр дэвших эрх өвөртөлсөн УИХ-ын гишүүн Д.Дондог өөрийн туслах Г.Сайнбаяртай хамтран нэгэн компаниас 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг авч сурталчилгаандаа ашигласан хэмээдэг. Энэ мөнгөний тодорхой хувийг Төв аймгаас хамт нэр дэвшсэн намын нөхдөдөө зарцуулсан гэгддэг. "Меритон" компаниас дээрх мөнгийг авахдаа "А" зэрэглэлтэй газар орон сууц барих зөвшөөрөл гаргаж өгнө" гэсэн аман хэлэлцээр байгуулсан тухай хожим нь гэрч, сэжигтнүүд хавтаст хэрэгт үлдээжээ. Сэжигтэн болон гэрч нарын мэдүүлэгт тухайн үеийн МАН-ын нөлөө бүхий албан тушаалнуудын нэр явдаг ч тэр болгоныг шалгаагүй өнгөрсөн. Арав орчим хүнд холбогдох энэ хэрэгт МАН-аас зөвхөн Д.Дондогийн нэр явдаг. Тухайн үед хуулийнхан МАХН буюу МАН-ын томчуудтай холбоотой энэ хэргийг "Дэлгэрүүлэн сөхвөл хэрэг хавтгайрна" хэмээн болгоомжилж байсан тухай ч яригдах нь бий.

Жишээлбэл, 2008 оны УИХ-ын сонгуулиар "МАН-ын Н.Энхболд Д.Дондог, Су.Батболд нарын дөрвөн нэр дэвшигч хоёр хоёроороо нэг баг болж ажиллаж байжээ. Ингэхдээ тэд хоёр баг болон тойргийнхоо баруун, зүүн талаар ээлжилж тойрч байсан байдаг. Дараа нь нэг намаас нэр дэвшсэний хувьд дөрвүүлээ нийлж бас сум, сангийн аж ахуйгаар явсан байдаг. Тус тусдаа менежертэй, сонгуулийн штабтай байсан ч хамт хөрөнгө гаргаж, сурталчилгааныхаа зардлыг гаргаж байсан баримт бий. Сонгуулийн сурталчилгааны үеэр тэдний кампанит ажил зогсонги байдалд хүрэхэд Д.Дондогийн туслах Г.Сайнбаяр нь бүх сумдын намын үүрээр канон принтерийг иж бүрнээр нь авч тавьж байжээ. Нэг бүрийг нь 280 ам.доллараар бодож 27 ширхгийг авч өгсөн баримт байдаг. Мөн энэ хэргийг манай сонин анх дэлгэж тавьсны дараа буюу 2011 оны зургадугаар сарын 29-нд Д.Дондог нэгэн сонинд өгсөн ярилцлагдаа "...Сонгуулийн ажилд 150 сая төгрөг зээлж авч орсон. Буцаагаад мөнгөө төлсөн. Ийм л байна. Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж хүний мөнгө үрсэн хэн нэг хүний өмнөөс би хариуцлага хүлээхгүй гэсэн байр суурьтай байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд намайг прокурорын байгууллагаас дуудаж асуусан зүйл байхгүй. Анх хүмүүсийн гомдол дотор таны нэр явж байна гэж нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Түүнээс хойш хэрэгсэхгүй боллоо гэж мэдээлж байсан. Би ч түүнд итгээд л явж байсан. Хийсэн хэрэг, нотлох баримт байхгүй. Гэхдээ асуудал үүсээд нэр нь орсон бол шалгагдаж л таарна. Би хуулийнхныг зөв талаас нь, улс төр, мөнгө оруулалгүй ажиллаасай, шалгаасай гэж бодож байна. Ингэснээр үнэн мөн нь олдоно, үнэн ялах байх гэж бодож байна" хэмээж байсан.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал хуралдаж саяхан энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн. Энэ хэрэгт Д.Дондогийн туслах байсан Г.Сайнбаяр, дунд нь зуучилсан гэх "Сүм Бар" компанийн захирал А.Батбилэг болон Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын арав гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж буй. Дээрх хэрэг 2010 оноос хойш ийм тооны сэжигтнүүдтэй явсан. Прокурор, шүүх, мөрдөн байцаалтад олон удаа хэрэг нааш цааш явсан ч хэргийн холбогдогч нар нэмэгдэж, хасагдаагүй гэхэд болно. Магадгүй энэ янзаараа бол хэргийн холбогдогч нарт өөрчлөлт гарахгүй бололтой.

Гэвч 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилан сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх хүмүүсээс УИХ-ын гишүүн асан Д.Дондогт л эрүүгийн хэрэг үүсгэжээ. 2010 оноос хойш "УИХ-ын гишүүн Д.Дондогт холбогдох хэргийн гэсэн тодотголтойгоор'". ..бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага хүргүүллээ", "Улсын яллагч ял төлөвлөжээ", "Мөрдөн байцаалтад буцаалаа" гэх мэтээр тойрон эргэлдсээр ирсэн. Бусад нь уснаас хуурай гардаг өнөө замаараа явж, харин аль нэг фракц бүлэг гээд гүйгээд байдаггүй Д.Дондогт л хуулийн байгууллагад дуудагдаж, байцаалт өгч, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн Д.Дондог одоо УИХ-д суугаа хүмүүс шиг бүрэн эрхгүй болчихсон тул шалгаж цагдахад ч амархан байгаа биз. Эцэстээ үг зөөлөнтэйгөөрөө Д.Дондог л явах нь дээ.

Г.Онон

logo-dailynews

СЭТГЭГДЭЛ БИЧИХ