"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ
Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хяналт шалгалт явуулжээ. Ингэхэд иргэн Ө нь Toyota Lexus600 маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар ан амьтан тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.
Тухайн иргэн нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан "Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож, эд мөрийн баримтаар хураан авч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хуульд заасны дагуу уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай.
Харин Эрүүгийн хуулийн 24.5.1 дугаар зүйлд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ