Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй үзэж зөвөлгөө өгнө

Улаанбаатар хотын төв талбай дээр өнөөдөр(2026.04.20) “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас(НЭМГ) мэдээллээ.

Өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг таниулах, бие бялдрын үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн, хооллолт, амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх бол эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалав. Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна. Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг 08:30-17:30 цагийн хооронд үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ