Хулан тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэлжээ
Төр, ТББ, хувийн хэвшлийнхэн хамтран зэрлэг амьтдын амьдрах нутгийг хамгаалж сэргээснээр Транс-Монголын төмөр замын зүүн талд, түүхэн тархац нутагт хулангийн сүрэг дахин нутагшиж эхэлжээ.
Одоогоор хулангийн дэлхий дээрх нийт популяцийн 84 гаруй хувь буюу 91 мянга орчим нь монголын говьд тархан амьдарч байгааг БОУАӨЯ мэдээлэв.
Гэвч амьдрах орчны нөхцөл байдал, шугаман дэд бүтэц, бэлчээр усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ихээхэн сорилт тулгарч байна. Иймд энэ нүүдэлчин зүйлийг урт хугацаанд өргөн уудам нутагт шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийх боломжийг хадгалж, холбоос нутгийг хамгаалан сэргээх нь чухал юм. Энэ хүрээнд Засгийн газар, БОУАӨЯ, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Хил хамгаалах байгууллага, хувийн хэвшил, олон улсын донор байгууллагууд хамтран хамгаалал, судалгаа, мониторингийн олон ажил хийж байна.
Хулан нь бэлчээрийн бусад амьтны адил хууль бус анд өртөж, зам, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой амьдрах орчин алдагдан, тархац нь хумигдсаар зургаан дэд зүйлээс нэг нь устаж, хоёр нь устах аюултай байна. Монгол орны говь, цөлийн бүсэд, тодруулбал Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд хэсгээр ус бага, хуурай орчинд дасан зохицож, өргөн уудам нутагт нүүдэллэн амьдардаг.
Хулангийн бие илжигнээс арай том, 500 орчим кг жинтэй, 2.1 метр урт, адуутай илүү төстэй. Гэхдээ адууг бодвол богино хөлтэй, өнгө нь улирлаа даган өөрчлөгддөг. Зун нь улаавтар хүрэн, өвөл нь шаравтар хүрэн болдог, нурууны дунд хүртлээ хар судалтай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ