Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

Баян-Өлгий аймгийн Алтай болон Өлгий сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоолоо. Аймгийн Засаг даргын гаргасан уг захирамж өчигдөр буюу тавдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж байна. Захирамжийн дагуу Алтай сум, Өлгий сумын дөрвөн баг, мөн Бугат сумын төвийн 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч эхэлжээ.

Өвчний голомтын бүсүүдэд хяналтын постуудыг 24 цагийн хугацаагаар ажиллуулж, малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж байгаа бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлсэн байна. Түүнчлэн хорио цээрийн дэглэмийн хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг түр хориглож, тус аймаг дахь малын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн бусад байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлахаар нэгдсэн зохион байгуулалтад орж, ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссоос нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, малчдад дараах анхааруулгыг хүргүүлэв.

  • Зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн зорчих хөдөлгөөн хийхгүй байх;
  • Малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоох;
  • Олон нийтийн сүлжээ болон бусад сувгаар баталгаагүй мэдээлэл түгээхгүй байх;
  • Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөх.

Баян-Өлгий аймгийн Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй дараагийн арга хэмжээнүүдийн талаарх нэмэлт мэдээллийг албан ёсны эх сурвалжуудаар дамжуулан тухай бүрт нь шуурхай хүргэхээ мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ