ОРЧИН ЦАГИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛ БА АВЛИГЫН ЗОЛИОС БОЛСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД
Монголд өнөөдөр нэг аюултай үзэгдэл чимээгүйхэн газар авч байна. Тэр нь авлигатай тэмцэх нэрийн дор жинхэнэ системийн авлигачид биш, харин төрийн жирийн албан хаагчид хэлмэгдэж эхэлсэн асуудал юм. Өнөөдөр нийгэм “баривчилсан хүн”, “илрүүлсэн хэрэг”-ийн тоогоор шударга ёсыг хэмжиж байна. Гэвч бодит байдал дээр гарын үсэг зурсан дунд шатны албан хаагч ял үүрч, шийдвэрийн ард байсан улс төр, ашиг сонирхлын бүлэглэлүүд АРД үлддэг тогтолцоо бий болжээ. Төрд 20-30 жил ажилласан нэгэн мэргэжилтэн банкны зээл, хүүхдийн сургалтын төлбөрт дарагдан амьдарч байхад “цүнх баригчид”, улс төрийн зуучлагчид тендер, томилгоо, лицензийн ард жинхэнэ нөлөөгөө хадгалсаар байна. Тэд шийдвэр гаргуулдаг ч гарын үсэг зурдаггүй. Харин асуудал үүсэхэд ширээний ард суусан төрийн албан хаагч яллагдагч болдог бөгөөд ТЭД мэдээж аль хэзээний урхинд орсон байдаг. Энэ бол орчин цагийн хамгийн АЮУЛТАЙ хэлбэрийн хэлмэгдүүлэлт! АВЛИГЫН ИНДЕКСЭЭР МОНГОЛ ЯАГААД УХРАВ? Монгол Улс авлигатай “эрчимтэй тэмцэж байна” гэж мэдэгддэг ч олон улсын үнэлгээ эсрэг дүр зураг харуулсаар байна.
Transparency International-ийн Авлигын Төсөөллийн Индексээр Монгол Улс 2025 онд 31 оноо авч, 182 орноос 124-т эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оноос ухарсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл баривчилгаа нэмэгдсэн, дуулиант хэрэг өссөн, сүртэй мэдэгдэл тасраагүй атлаа авлигын бодит нөхцөл сайжраагүй гэсэн үг. Яагаад? Учир нь Монголд том авлигачид үлддэг, улс төр хууль хяналтад нөлөөлдөг, жинхэнэ эзэд ил болдоггүй, доод шатны хүмүүс л ял үүрдэг. Олон улс “шоу”-г биш, институцийн шударга байдлыг үнэлдэг. “ГАРЫН ҮСЭГ ЗУРАХААС АЙДАГ” ТӨР БИЙ БОЛЖ Өнөөдөр төрийн байгууллагуудад хамгийн аюултай үзэгдэл бий болсон нь шийдвэр гаргах айдас юм. Өнөөдөр хууль ёсны мэт байсан шийдвэр маргааш улс төр солигдоход эрүүгийн хэрэг болж хувирдаг гээд хэлчихэд буруудахгүй байх. Ингээд төрийн албан хаагчид шийдвэр гаргахаас айдаг, зөвхөн өөрийгөө хамгаалдаг, асуудлыг гацаадаг болж байна. Үр дүнд нь мэдээж: - төсөл, хөтөлбөрүүд гацна, - хөрөнгө оруулалт зогсоно, - төрийн үйлчилгээ эрс муудна, - чадвартай хүмүүс төрөөс зугтана! Тэр хэрээр ТӨРИЙН ЧАДАМЖ уруудна ОРЧИН ЦАГИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛ Хэлмэгдүүлэлт гэдэг зөвхөн 1937 он биш.
Өнөөдөр сонгон шалгаж хэрэг үүсгэх, улс төрийн захиалгаар яллах, шүүхийн шийдвэр гараагүй байхад “авлигач” гэж цоллох, хамгаалалтгүй хүмүүсийг золиослох явдал газар авч байна. Нэг хүнийг шалгахад зөвхөн тэр хүн биш; * гэр бүл, * үр хүүхэд, * нэр төр, * амьдрал нь хамт сүйрдэг. ЭЦЭСТ нь авлига бол зөвхөн мөнгөний асуудал биш. Энэ бол төрийн чадамж нурж буйн дохио. Хэрэв Монгол Улс жинхэнэ эзэддээ хүрч чаддаггүй, зөвхөн хамгаалалтгүй төрийн албан хаагчдаа золиосолдог хэвээр байвал маргааш хэн ч ТӨРД ажиллахыг хүсэхгүй. Тэр үед төрд үлдэх хүмүүс нь: - долдой нар, - цүнх баригчид, - улс төрийн хамгаалалттай бүлэглэлүүд байх болно. Тэгээд авлига ялагдахгүй. Харин төр өөрөө ЯЛАГДСАНЫГ бүгд харцгааж байна даа...
Д.Лхагва
СЭТГЭГДЭЛ БИЧИХ