Ойрын өдрүүдэд зарим нутгаар аадар бороо орох тул голын ай сав газарт хоноглохгүй байхыг зөвлөлөө

Цаг уурын байгууллагын мэдээлснээр 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон голын Дадал сум орчмын хэсэг, мөн Хангай нурууны өвөр хэсгийн Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см-ээр нэмэгдэж, олон жилийн дундаж түвшнийг давсан байна.

Мөн зургаадугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см-ээр нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Цаг уурчдын мэдээлснээр зургаадугаар сарын 17-нд баруун аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар бороо орж, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд хур борооны эрчим, хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэхийг анхаарууллаа.

Тиймээс иргэдийг үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар амарч зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа орчны нөхцөлд ажиглалт хийх, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ