"Есдүгээр сарын 1-нд ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн эхэлнэ"
Монгол Улсад ирэх наймдугаар сард COP 17 олон улсын хурал болохтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийж буй. Уг асуудлын хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос дараах тодруулгыг хийлээ.
-Ирэх наймдугаар сарын 17-28-ны хооронд Монгол Улсад COP-17 хурал болохтой холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлтүүдийг хийж байгаа вэ?
-Нэгдсэн үндэсний байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монголд зохион байгуулахаар албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. COP17 болох бүсэд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг дээр наймдугаар сарын 17-28-ныг дуустал ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй.
Энэ хүрээнд хурлыг зохион байгуулах бүсэд байрлаж буй таван дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийхээр төлөвлөөд байна.
Тодруулбал, Баянгол дүүрэгт 20 цэцэрлэг, 17 сургууль, Баянзүрх дүүрэгт 21 цэцэрлэг, 12 сургууль, Сүхбаатар дүүрэгт долоон цэцэрлэг, долоон сургууль, Хан-Уул дүүрэгт 20 цэцэрлэг, 19 сургууль, Чингэлтэй дүүрэгт таван сургууль, таван цэцэрлэг гээд нийт 133 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, хурал болох арав гаруй хоногийн хугацаанд дээрх сургууль, цэцэрлэг дээр бүртгэлийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Энэ зохицуулалт орон нутагт хамаарахгүй.
Харин нийслэл болон орон нутгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд хэвийн эхэлнэ.

– Тэгэхээр энэ жил цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах вэ. Нэгдүгээр ангид элсэгчдийг зөвхөн цахимаар бүртгэх юм уу?
-Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бол үүнээс 126,827 хүүхэд нийслэлд суралцахаар байгаа. Нийслэлд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 10-наас наймдугаар сарын 23-н хүртэл И-Монголиа платформоор дамжуулан бүртгэнэ. Эцэг эхчүүд бүртгэл эхлэхээс өмнө хаягийн бүртгэл, мэдээллийг сайн нягталж баталгаажуулах шаардлагатай. Дээрээс нь шилжилт хөдөлгөөн хийх бол наймдугаар сарын 7-ноос өмнө баталгаажуулахыг анхааруулж байна.
Харин төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 28-ны 23:59 минут хүртэл мөн л И-Монголиа платформоор бүртгэнэ. 2026-2027 оны хичээлийн жилд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид бүртгүүлнэ.
-Их дээд сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 15-нд эхлүүлнэ гэсэн мэдээлэл яваад байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Мөн л COP 17 болохтой холбогдуулан дээд боловсролын сургалтын байгууллагуудад сургалтын хэлбэр, хугацааг уян хатан зохион байгуулах чиглэл өгсөн. Улмаар дээд боловсролын байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтын үр дүнд дээд сургуулийн бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 17-ноос эхлэн цахимаар бүртгэнэ. Харин наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хичээл сонголтын үйл ажиллагааг мөн цахимаар хийгээд кредитийн дагуу төлбөрөө төлнө.
Ингээд хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэж эхлэх бөгөөд есдүгээр сарын 14-ний Даваа гаригт хичээл танхимаар хичээллэж эхлэхээр зохицуулсан.
Тэгэхээр шинээр их, дээд сургуульд элсэж байгаа хүүхдүүд болон хоёр, гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнууд хичээл танхимаар хичээллэж эхлэх хүртэл онцын шаарлагагүй бол нийслэлд ирэх шаардлагагүй. Бүх бүртгэл, хичээл сонголтын үйл ажиллагаа цахимаар явагдана шүү гэдгийг анхааруулмаар байна. Дотуур байр ч мөн ялгаагүй есдүгээр сарын 14-нд эхэлнэ.
-Монгол Улсын их сургууль Элсэлтийн шалтгалтад өндөр оноо авсан элсэгчдийг тэтгэлэгт хамруулдаг байсан нь зогссон тухай ярих боллоо. Яагаад тэтгэлэг олголтыг зогсоосон юм бол?
-Эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад Боловсролын зээлийн сангаас олгодог тэтгэлэг 2026 онд бүрэн олгогдоогүй асуудал бий. Учир нь энэхүү тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдэд олгох 2026 оны санхүүжилтийг 2025 оны оюутнуудын төлбөрт олгосны улмаас 2026 онд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 6000 гаруй оюутнуудын тэтгэлэг сургуулиудын дансанд ороогүй. Уг асуудлыг Боловсролын яамнаас Засгийн газарт тогтоол, тэмдэглэлийн төсөл өргөн барьсан. Ингээд 2027 онд шийдвэрлэж өгөх тогтоол өргөн бариад шийдвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа.
-Жил бүр сургууль, цэцэрлэгийн хүрэлцэхгүйн улмаас хүүхдүүд гурван ээлжээр хичээллэдэг. Үүний зэрэгцээ хотхон, хороолол их ашиглалтад орох тусам хүүхдүүд сургуульдаа багтахаа байдаг. Үүний нэг жишээ Солонго I, II хороолол ашиглалтад ороход тэнд дахиад сургуулийн хэрэгцээ үүснэ. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Бид 2026 оны дөрөвдүгээр сард нийслэлийн хэмжээнд хэт өндөр ачаалал үүсэх ялангуяа ээлж нь хоёроос дээш гарах эрсдэлтэй 37 сургуулийг тогтоосон. Хэчнээн түрээсийн байр хэрэг болох вэ гэдэг тооцооллуудыг хийсэн. Ингээд ачаалал их байгаа хотхонуудад хотхоны бага сургууль байгуулах, нийслэлийн хэт өндөр ачаалалтай сургуулиудыг бүтцийн өөрчлөлт оруулж ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг хийж байна. Ирэх долоо хоногт дүүрэг бүрт ажиллана. Нэг ч сургуулийг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байхаар тооцоолж ажлаа зохион байгуулж байгаа.
– Сурах бичгийн хүрэлцээний хувьд ямар байгаа вэ. Өнгөрсөн жил сурах бичиг хүрэлцэхгүй асуудал үүссэн?
-2026 оны хоёрдугаар сард бага боловсролын буюу 1-5 дугаар ангийн сургалтын хөтөлбөр батлагдсан. Улмаар 2026-2027 оны хичээлийн жилд зөвхөн нэгдүгээр ангийг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу хичээллүүлнэ. Тэгэхээр нэгдүгээр ангийн сурах бичгийг шинэчилсэн хөтөлбөрийн дагуу шинэчилж байгаа. 2-5 дугаар ангийн хувьд сурах бичгийн дутагдал үүсэхгүй. 6-12 дугаар ангийн хувьд түрээсийн сурах бичиг ашиглана. Энэ жил Боловсролын ерөнхий газраас 62 мянган багц сурах бичгийг есдүгээр сард нийлүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ