Ардчилсан нам Конгрессын сонгуульд томоохон ялалт байгууллаа

АНУ-ын Ардчилсан намынхан завсрын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаа ашиглан Ерөнхийлөгч Дональд Трампын эрх мэдэлд хяналт тавихаа лхагва гарагт мэдэгдлээ. Ингэснээр Вашингтонд ирэх хоёр жилийн хугацаанд улс төрийн гацаа үүсэх магадлал нэмэгдэж байна. Харин Трамп сонгуулийн дараах анхны олон нийтэд хийсэн мэдэгдлээрээ Цагаан ордонд барьж буй шинэ хүлээн авалтын танхимаа танилцуулжээ.

Трампын бодлогод, ялангуяа АНУ-Ираны дайны улмаас амьжиргааны өртөг нэмэгдсэнд олон нийт дургүйцэж байгаа нь Ардчилсан намын ялалтад голлон нөлөөлөв. Ардчилсан намынхан Бүгд найрамдах намын давамгайлалтай мужуудад суудал авч, Сенатад 54:44 харьцаатай олонх болсон бол Төлөөлөгчдийн танхимд хамгийн багадаа 28 суудлаар давуу байдал олж авчээ.

Ингэснээр 2017-2021 онд мөн Цагаан ордонд ажиллаж байсан Бүгд найрамдах намын ерөнхийлөгч Трамп анх удаа Ардчилсан намын хяналтад байгаа Конгресстой ажиллах нөхцөл бүрдэж байна.

Цэнхэр давалгаа

Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Хаким Жеффрис шинээр бүрдэх олонхын гол зорилго нь амьжиргааны өртгийг бууруулах, төрийн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох явдал гэж мэдэгдэв.

Нью-Йорк мужийг төлөөлдөг, Төлөөлөгчдийн танхимын анхны хар арьст дарга болох магадлалтай Жеффрис лхагва гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид Дональд Трампын төлөө ажилладаггүй. Бид Америкийн ард түмний төлөө ажилладаг. Төлөөлөгчдийн танхим Трампын засаг захиргааны бүрэн эзэмшлийн охин компани мэт ажилладаг байсан үе дуусгавар болж байна” гэжээ.

“Миний хувьд энэ бол амралт”

Трамп сонгуулийн өмнөх хамгийн сүүлийн олон нийтийн арга хэмжээгээ Линкольны дурсгалын цогцолборын усан сангийн засварын талаар ярихад зориулсан юм. Харин Бүгд найрамдах нам завсрын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсний маргааш өглөө нь сэтгүүлчдийг дуудаж, Цагаан ордонд барьж буй хүлээн авалтын танхимаа танилцуулжээ.

Тэрбээр “Цагаан ордонд яагаад ажил хийгээд байгаа юм бэ гэж намайг шүүмжилдэг. Би үүнийг хийж байгаа нь Цагаан ордон бол Америкийн хамгийн чухал бэлгэ тэмдэг учраас тэр. Тиймээс өөгүй, төгс байх ёстой. Миний хувьд энэ бол амралт” гэж хэлэв.

Трамп бараг нэг цаг үргэлжилсэн уулзалтынхаа үеэр сонгуулийн үр дүнгийн талаар товчхон дурдсан бөгөөд “Тэд сүйтгэхийг хүсэхгүй л бол би Ардчилсан намынхантай эвтэй ажиллаж чадна гэж бодож байна. Гэхдээ надад хориг тавих эрх бий” гэжээ.

Трамп завсрын сонгуулийг Цагаан ордонд дөрвөн жилээр ажиллах хоёр дахь бүрэн эрхийнхээ эхний хагаст өгч буй олон нийтийн үнэлгээ хэмээн тодорхойлж байсан юм. Тэрбээр Бүгд найрамдах намын дэмжигчдэд “Намайг сонгуульд нэр дэвшсэн гэж төсөөл” хэмээн удаа дараа уриалж байв. Ардчилсан намын удирдагчид ч энэ мессежийг нь улам хүчтэй түгээсэн юм.

Үр дүнд нь хоёрхон жилийн өмнө Трампыг дахин ерөнхийлөгчөөр сонгоход голлон дэмжсэн консерватив үзэлтэй мужуудын сонгогчид Ардчилсан нам руу эрс хэлбийжээ. Үүнд Ирантай хийж буй, олон нийтэд таалагдаагүй дайнд бухимдах, амьжиргааны өртөг өндөр байгаад санаа зовох, Трампын улс орныг удирдаж буй байдалд дургүйцэх зэрэг хүчин зүйл нөлөөлсөн байна.

Мягмар гараг хүртэл Бүгд найрамдах намын хамгийн том түшиц муж байсан Техаст Ардчилсан намынхан хэдэн арван жилийн турш үргэлжилсэн ялагдлын цувралаа гайхалтайгаар зогсоожээ. Тэд 1988 оноос хойш анх удаа тус мужаас Сенатын суудал авч, гурван удаа сонгогдсон амбан захирагч Грег Эбботтыг ялсан байна.

Канзас муж бараг зуун жилийн өмнөх Их хямралын үеэс хойш анх удаа Ардчилсан намын сенатчийг сонгосон бол 2024 онд Трамп бараг 18 нэгж хувийн илүү санал авч ялсан Өмнөд Каролина мужид Ардчилсан намынхан түүний өөрийн биеэр дэмжсэн Сенатын сонгуульд нэр дэвшигчийг ялжээ.

Аляска, Миссисипи мужийн дүнг хүлээж байна

Лхагва гарагийн өглөөний байдлаар Аляска болон Миссисипи мужийн Сенатын сонгуулийн дүн эцэслэн гараагүй байв. Хэрэв Ардчилсан нам эдгээр хоёр суудлыг авбал Сенат дахь олонхын харьцаа 56:44 болж нэмэгдэх боломжтой.

Ирэх нэгдүгээр сард шинэ гишүүд тангараг өргөсний дараа Ардчилсан намынхан эрх мэдлээ ашиглан Трампын засаг захиргаа, түүний гэр бүл болон холбоотнуудын үйл ажиллагааг шалгаж, томоохон хуулийн төслүүдийн хүрээнд буулт хийхийг шаардах төлөвтэй байна. Ардчилсан намын хяналтад орох Сенат Трампын нэр дэвшүүлсэн албан тушаалтнуудыг, тэр дундаа Дээд шүүхийн шүүгчийн орон тоо гарсан тохиолдолд түүний нэр дэвшигчийг батлахгүй байх боломжтой.

Гэхдээ тэр хүртэл Бүгд найрамдах нам Конгрессын хяналтыг хадгална. Тэдний өмнө зайлшгүй батлах шаардлагатай нэг хуулийн төсөл бий. Энэ нь арванхоёрдугаар сараас хойш холбооны засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай хуулийн төсөл юм. Бүгд найрамдах намынхан эрх мэдлээ ашиглан сонгуулийн дараах шилжилтийн үед консерватив бодлогоо хэрэгжүүлэх боломжтой.

Сонгуулийн ялагдал Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхим дахь удирдлагын бүтцийг ч өөрчилжээ. Тус танхимын дарга Майк Жонсон ирэх онд бүлгийнхээ удирдлагыг үргэлжлүүлэн хашихгүй гэдгээ мэдэгдсэн.

АНУ-ын Үндсэн хуулиар гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй болсон Трамп Ирантай хийж буй дайн намынх нь сонгуулийн ялагдалд нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн ч дайныг эхлүүлэх шийдвэрээ зөвтгөсөөр байна. Харин 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Трампын залгамжлагчаар нэр дэвшиж магадгүй дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс намын ялагдлын бүх бурууг Иран руу довтлох шийдвэрт тохжээ. Тэрбээр нийгмийн сүлжээнд оруулсан уртаас урт нийтлэлдээ “Бид ялагдсан шалтгаан бол дайн. Ерөнхийлөгч өөрөө өчигдөр орой ингэж хэлсэн. Хэрэв энэ дайн үнэ цэнтэй байсан, ирэх зургаан жилийн хугацаанд Сенатын олонхоо алдах нь төлөх ёстой үнэ нь байсан гэж маргахыг хүсвэл тэг. Үүнийгээ үнэ цэнтэй байсан өртөг гэж нотол” хэмээн бичжээ.

Ардчилсан намын ялалтын давалгаа

Ардчилсан намынхан сонгуулийн кампанит ажлаа авлига, амьжиргааны өртгийн асуудалд төвлөрүүлсэн юм. Тэд Трампын импортын бараанд ногдуулсан өндөр тариф, шүүхээс хууль бус татвар гэж үзсэн явдал болон Ирантай хийж буй дайн нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгааг шүүмжилжээ. Мөн Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш түүний гэр бүлийнхэн хэдэн тэрбум ам.долларын ашиг олсныг онцолсон.

Харин Трамп тэргүүтэй Бүгд найрамдах намынхан трансжендер хүмүүсийн эрх болон нийгмийн бусад асуудлаар Ардчилсан намын байр суурийг шүүмжилж, тэднийг хэт даврагч, радикал үзэлтэй хэмээн дүрсэлжээ. Гэвч сонгогчид нийгмийн асуудлаас илүүтэй өдөр тутмын амьжиргаа, өрхийн санхүүгийн асуудалд санаа зовниж байгаагаа тодорхой харууллаа.

Ардчилсан намын ялалтын давалгаа АНУ-ын өргөн уудам нутгийг хамарчээ. “Ройтерс” болон “USA Today” агентлагийн нэгтгэсэн мэдээллээр лхагва гарагийн өглөөний байдлаар саналын дийлэнхийг тоолж дууссан 2100 орчим тойргийн 99 хувьд нь Бүгд найрамдах намын авсан саналын хувь буурчээ.

Ардчилсан намынхан хамгийн чинээлэг болон хамгийн ядуу тойргуудад, их дээд сургууль төгсөгчдийн эзлэх хувь өндөр болон бага бүс нутгуудад аль алинд нь амжилт гаргажээ. Ялангуяа латин америк гаралтай хүн ам олноор оршин суудаг тойргуудад тэдний дэмжлэг эрс нэмэгдсэн байна. Үүнд 2024 онд Трампыг дэмжих болсон Техасын хилийн бүсийн тойргууд, Канзасын тал хээрийн газар тариалангийн суурингууд багтжээ.

Ардчилсан намынхан одоогоор Бүгд найрамдах намын эзэмшиж байсан Төлөөлөгчдийн танхимын хорь гаруй суудлыг авч, олонхын байр сууриа баталгаажуулсан байна. Шийдвэрлэгдсэн өрсөлдөөнтэй бүх тойрогт Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Мөн хоёр жилийн өмнө Трамп хоёр оронтой тооны хувийн зөрүүгээр ялж байсан тойргуудад Ардчилсан намынхан арав орчим суудал авч чадсан байна.

Ардчилсан намын зүүний жигүүрт багтдаг, намынхаа ирээдүйтэй улс төрчдийн нэг Абдул Эль-Сайед Мичиган мужийн Сенатын сул суудлын төлөөх сонгуульд ялалт байгуулжээ. Ингэснээр тэрбээр АНУ-ын Сенатад сонгогдсон анхны мусульман хүн боллоо. Тэрбээр Трампын дэмжлэгтэйгээр сонгуульд өрсөлдсөн, Конгрессын гишүүн асан, Холбооны мөрдөх товчооны ажилтан асан Майк Рожерсыг ялжээ.

Энэ удаагийн сонгууль хоёр намын хувьд түүхэн хэд хэдэн анхны үйл явдлын гэрч болсон юм. Тухайлбал, Жоржиа мужид Ардчилсан намын Кейша Ланс Боттомс ялалт байгуулснаар АНУ-ын түүхэнд анх удаа хар арьст эмэгтэй амбан захирагчаар сонгогдож, Нью-Мексико мужийн Деб Хааланд АНУ-ын түүхэнд амбан захирагчаар сонгогдсон анхны уугуул америк эмэгтэй болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ