Япон улс АЦС-ын сүүлчийн реакторыг зогсоов

Японы эрх баригчид өчигдрийн байдлаар тус оронд ажиллаж байсан сүүлчийн реактор болох “Ои” АЦС-ыг төлөвлөгөөт шалгалтын ажил хийхээр есдүгээр сарын 15-нд зогсоожээ.
Японд АЦС-ын реакторуудыг дахин ажиллуулахын тулд нутгийн эрх баригчдын зөвшөөрөл шаардлагатай байдаг байна. Олонхи муж атомын эрчим хүчийг аюултай хэмээн үзэж байгаа бөгөөд харин Японы засгийн газар “Ои” АЦС байдаг Фукуи мужийн эрх баригчидтай тохиролцож чадсан учир, төлөвлөгөөт шалгалт хийсний дараа уг АЦС-ын эрчим хүчний хоёр блок үйл ажиллагаагаа сэргээхийг хэвлэлд мэдээлсэн байна.
Долоодугаар сарын 8-наас Японы атомын объектуудад аюулгүй байдлыг хангах шинэ дүрэм мөрдөгдөж байгаа юм. Байгалийн гамшиг гарсан нөхцөлд эрчим хүчний хангамж болон хөргөлтийн нэмэлт, орлогч системээр бүх АЦС-ыг тоноглохыг уг дүрэмд шаардаж байгаа ажээ.
2011 онд “Фукусима-1” АЦС-ад гарсан ослын уршгийг харгалзан ийм журам тогтоожээ. Энэ ослын дараа тус орны эрх баригчид бараг бүх АЦС-ын реакторуудыг зогсоох шийдвэр гаргасан юм. Одоо японы дөрвөн оператор-компани зургаан АЦС-ын эрчим хүчний 12 блокийн ажлыг сэргээх хүсэлт гаргаад байгаа ажээ. Гэвч орон нутгийн эрх баригчид АЦС-ыг дахин ашиглалтад оруулахыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ