Шийтгэлгүй гэмт хэрэг гаарлаа

Бусдын хүчинд автаж бэлгийн дур хүслийг нь хангана гэдэг хэний ч хувьд хүсэмгүй, хамгийн муухай доромжлол болох нь гарцаагүй. Охин танхил биеэ бусдын эрхшээлд орон доромжлуулах нь тухайн эмэгтэйд тохиолдож болох хамгийн таагүй дурсамж төдийгүй нэр хүнд, өөртөө итгэлтэй байдал зэрэгт нь хамгийн сөрөг нөлөөтэй. Ийм балмад хэрэг Энэтхэг улсад хэд хэдэн удаа гарч тэр бүү хэл гэмт хэргийн золиос болсон охин амиа алдсан тохиолдол нь дэлхий нийтийн анхаарлын төвд орох асуудал болоод байгаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэгт оюутан охиныг автобусанд бүлэглэн хүчиндсэн балмад хэрэг гарсан нь энэтхэгчүүд төдийгүй дэлхий нийтийг цочирдуулсан. Хөөрхий эмэгтэй амьдрахын төлөө тэмцэж арван дөрөв хоног эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн ч бие нь дийлэлгүй амьсгал хураасан. Энэ жигшүүрт хэргийн дараагаар Энэтхэг даяар эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаж, балмад этгээдүүдэд ялын дээд хэмжээ оноохыг шаардасан. Гэсэн ч тус улсын шүүхээс гэмт хэрэгтнүүдэд дээд хэмжээ өгөлгүй хорьсоор байв. Харин хэрэг сунжрах тусам энэ төрлийн гэмт хэргийн гаралт өмнөхөөсөө нэмэгдэх болов. Гэтэл хэрэгтэн этгээдүүдэд оноох ял шийтгэл тодорхой бус байдал нь иргэдийг дахин эгдүүцүүлж, эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн юм. Иргэдийн шаардлагын дагуу өнгөрсөн долоо хоногт анх удаа хүчингийн хэрэг үйлсэн дөрвөн этгээдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар явах ял оноосон юм.

Энэтхэгт охид бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөх нь элбэг ажээ. Ялангуяа хамаатан садан, ойрын танилуудынхаа хүрээнд. Ам бүл олуулаа эсвэл ядуу амьдралын эрхээр хөршүүдээрээ нэг байранд амьдардгаас энэ хэрэг бага насны охидод илүүтэй тохиолддог. Маш олон залуу болон бага насны охид энэ дарамтыг мэдэрч, бие биеийнхээ зовлонг хуваалцсаар өсдөг. Түүнчлэн Энэтхэгт бага насны охид хүний наймаа, боолын хөдөлмөрийн золиос болох нь их. Энэ маягаар хүний наймаанд өртсөн нийт охидын 40 гаруй хувь нь бэлгийн мөлжлөгөд өртдөг. Судалгаанд оролцсон охидын дийлэнх нь 13 наснаас эхлэн ямар нэг байдлаар бэлгийн хүчирхийлэл, дарамтад орж эхэлдэг аж. Үүнийг хүн амын тоотой харьцуулан авч үзвэл нийт охидын 40 орчим хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс гадна, сурч боловсрох эрхээ боолгож байна гэсэн үг юм. Сургуулиас завсардсан, хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ 15-16 наснаас нь биеийг нь үнэлүүлэх асуудал тулгардаг. Дээрхи судалгаанд оролцсон охидын ихэнх нь 16 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн байна.

Энэтхэгт ойролцоогоор жилд 300 орчим мянган охин, эмэгтэй иймэрхүү замаар гэмт хэргийн золиос болдог ажээ. Тэдгээр охидын дөнгөж 3000 нь л эрхээ хамгаалуулах, хариуцлага тооцуулах, эцэг эхийн хараа хяналтад байдаг юм байна. Түүнчлэн учраад буй бас нэгэн томоохон асуудал бол ДОХ-ын тархалт юм. Энэтхэгт 10 эмэгтэй хүүхэд тутмын гурав нь ДОХ-ын халдвартай байна гэсэн статистик мэдээ бий.

Тус улсын хүн амын хүйсийн тэгш бус байдал нь бэлгийн цөөнхийг болон хүчингийн хэргийг нэмэгдүүлэх шалтгаан нь болж байгаа. Статистик мэдээллээс харахад Энэтхэгийн хүн амын 60-аас илүү хувийг эрчүүд эзлэх хандлагатай байгаа. Тиймээс хүйсийн тэгш биш байдлаас үүдэлтэй энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Үүнээс гадна гэмт этгээдүүдэд оноож буй ял шийтгэл тодорхой бус байдлаас болж хэргийн гаралт улам нэмэгдсээр охидын ирээдүй бүрнэг хэвээр байна.

Өнөөдрийн байдлаар Энэтхэг улсад хүчингийн хэрэг шийтгэлгүй гэмт хэрэг гэж нэрлэхэд ч болохуйц хэмжээнд хүрчихээд байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ