Мексикийн хар салхинд амиа алдагсдын тоо 41 хүрлээ

Мексикийн буланд хүчтэй салхилж байгаа хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 41-д хүрч, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн хар салхи, шуурганы нөлөөгөөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас Мексикт сүүлийн арван жилд болоогүй хэмжээний их үерийн гамшиг учирлаа хэмээн ВВС мэдээлж байна.

АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр Мексикийн буланг Ингрид хар салхи ниргэж, нөгөө талд нь Номхон далайн эргийн бүс нутгаар Мануэл далайн шуурга түйвээж байгаа аж. Хар салхи, далайн шуурганы гамшигт Веракус, Герреро, Пуэбла, Гидальго, Мичоакан, Оаксака зэрэг мужууд илүүтэй өртөж, үерт автжээ. Эдгээрээс Номхон далайг түшиглэсэн амралтын газраараа алдартай Мексикийн Акапулько хотод далайн шуурганы улмаас 21 хүн амь үрэгдэж, барилга, гүүрүүд нурж, автозамууд эвдэрч, гол мөрнүүд эргээ халин үерлээд байгаа гэнэ. Мөн олон тооны онгоцны нислэг цуцлагдаж, хурдны автозамуудыг хаагаад байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ