Хятад, монгол төмс холиод зарж байна

Хөөний улсаа, бид. Хийхгүй сэдэхгүй юм ч алга. Хятад хүнснээс болсон хорт хавдрын мөчлөг тохиосныг эмч, мэргэжилтнүүд анхааруулаад байдаг. Бид тоохгүй цохиод явдаг. Болохоо байгаад өвчлөхөөрөө гэнэт ухаарч эрхтнээ “солиулмаар байна” гээд хандив гуйгаад давхичихна. Хятад хүнс хортойг мэдсээр байж, би л биш бол яахав гэсэн янзтай, түүнийг нь тонн тонноор оруулж ирээд борлуулахыг нь яана. Хятадын хүнснээс хамгийн аюултай нь ногоо, жимс гэж байгаа. Мэдээж шүү дээ. Хэдэн мянган дамжуулаад хагалчихсан газарт нь ямар юмных нь үржил шим байхав дээ. Хоосон улаан шороо л гэсэн үг. Мендлеевийн үелэх системийн бүх элемент газрын хөрсөнд байдаг юм ш дээ, уг нь. Тэгвэл Хятадын газрын хөрсөнд үзээд өгье ч байхгүй. Тиймээс газар, түүнд суулгасан ногоогоо эхлээд химийн бордоогоор борддог байснаа, сүүлдээ бүр цацраг идэвхийн сулруулсан тун хэрэглэх болсон гэдэг.

Сулруулаад, сулруулаад хор л бол хор шүү дээ. Анх химийн бордоо хэрэглэх үед Хятадад асар их эсэргүүцэл гарч байж. Яг манайд уран ашиглах, цацрагийн хаягдал булахтай холбогдуулан гарсан эсэргүүцэл мэт. Тэгээд ч, яаж ч чадаагүй юм билээ. Хүн ам хэтэрхий олон учраас өлсгөлөн гарчих гээд байж л дээ. Ингээд ногоогоо олшруулахаас гадна, томруулах шаардлага гарчээ. Тэгээд л цацраг идэвхээр бордохгүй юу. Яг ингэж бордсон ногоог нь бид одоо идэж буй. Тэр дундаа хятад төмсийг түлхүү хэрэглэдэг билээ. Монголчууд сүүлийн жилүүдэд өөрийн төмсөөр хэрэгцээгээ хангаад буй. Өнгөрсөн жил 90 гаруй мянган тонн төмс хураажээ. Үлдэгдлийг нь бүрэн экспортолж чадаагүйгээс хаягдал болсон гэнэ билээ. Сайхан сонсогдож байна уу. Энэ жил 104 мянган тонн төмс хураана. Боломжийн байгаа биз. Хяруунд цохиулчихгүй л бол шүү дээ.

Манай хөрс байгалийнхаараа. Ёстой л Мендлеевийн үелэх системийн бүх элемент багтаж ядаж байгаа даа. Гэхдээ энэ нь бид баараггүй монгол төмсөө иддэг гэсэн үг бас биш ээ. “Ногооны” гэх хөгийн ченжүүд монгол төмсийг “Барс” мэт зах дээр тосон, бөөндөж аваад төрөл арилжуулдаг ажээ. Тэр технологи нь ядах цөхөх юм байхгүй амар юм байна. Хятад төмсийг норгоон хар шороонд өнхрүүлээд л болох нь тэр. Тэгээд 60:40 харьцаагаар хольж орхино. Ингээд л бидний гар дээр шороотой сайхан "монгол төмс" ирж байгаа юм даа. Хүнсний зах, дэлгүүрт яг өнөөдөр борлуулж буй монгол төмсийн найрлага ийм байгааг дуулгая. Үүнээс хэрхэн салж болохыг Монголын тариаланчдын холбооны тэргүүн Ч.Пэрэнлэйгээс лавлав. Тэрбээр, хоёр арга бийг хэлэв. Нэгд, тариаланчдын гар дээрээс төмсийг нь улс худалдаж аваад хяналт дор борлуулах. Хоёрт, тариаланчид хоршоо байгуулах ёстой. Нийлж ажиллана гэсэн үг. Хэрхэн тарих, ургуулах, хураах, борлуулахаа өөрсдөө гардан хийнэ. Ченжийн гар дамжуулахгүй. Хотод борлуулах цэгийг нь улсаас товлож өгөөд, нүүдлийн палаткаар хангах. Ингэвэл асуудал байхгүй л дээ гэв. Хэдүүлээ яаж ийгээд монгол төмсөө идэхсэн.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ