Н.Алтанхуяг самурай бондыг “Өгөдэй” хэмээн нэрлэх гэж байна

Японд дөрвөн өдөр айлчилсны хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг бонд гаргахаар болсон нь Төрийн ордон луу буудаж, бөмбөг тавьсан дуулиант хэргээс өмнө нийгмийг цочроосон халуун сэдэв байлаа. Монголын ард түмэн Фэйсбүүк, Твиттерээр хаа сайгүй шинэ бондын талаар бичиж байв. Хөгжлийн банкны хэвлэн гаргах нэг тэрбум ам.долларын бондын талаар барууны хэвлэлүүд ч мөн бичиж, самурай хэмээн нэрлэж байна. Японы иений зах дээр босгодог бондыг ерөнхийд нь самурай хэмээн нэрлэдэг учраас гадныхан ингэж ярьж байгаа аж. Харин фэйсбүүкчид болон жиргээчид самурайгаар амьсгалсан өдрүүдэд самурай гэх нэр цаанаа л нэг явуургүй санагдаж байгаа талаар нэлээдгүй санал бодлоо хуваалцсан. Японд самурай байхыг нэр төртэй хэрэг гэж үздэг бол монголчууд “муу сайн самурайнууд” гэж ярьдаг. Адилхан л монгол үндэстэн болохоор ертөнцийг харах үзэл нь нэг байж шинэчлэлийн Засгийн газрынханд ч самурай гэх энэ нэр төдийлөн таалагдаагүй байна.
Тиймээс шинэ бондод нэр өгөх асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ажлын алба хуралдсан хэмээн Засгийн газрын баталгаат эх сурвалж мэдээллээ. Ерөнхий сайдын ажлын алба хуралдаанд шинэ бондыг нэрлэх хэд хэдэн хувилбар гаргажээ. Эдгээрийн тоонд Ардчилал, Цагаан морь, Алтан гадас, Улаанбаатар, Дүнжингарав, Хубилай, Өгөдэй гэсэн хувилбарууд гарсан байна. Гэсэн хэдий ч эцэст нь Ерөнхий сайд бондынхоо нэрийг өөрөө өгөхөөр тогтож, Өгөдэй хэмээн нэрлэхээр болжээ. Иенийн зах зээлд гаргах бондоо Чингис хааны гуравдугаар хөвүүн, Их Монгол улсын хоёрдугаар их хааны нэрээр нэрлэхээр шийдсэнээ Ерөнхий сайд бараг л өөрчлөхгүй байх хэмээн эх сурвалж хэлж байна. Тэрээр энэ сардаа багтаан бондын нэрийг олон нийтэд зарлах аж.
Н.Алтанхуягийн Засгийн газрын 100 хоногтоо амжуулсан том ажлын нэг нь хэрүүл маргаан дагуулаад буй Чингис бонд байв. Хөрөнгө оруулалтын мөнгөний эхний хэсэг нь орж ирчихээд байхад хийх төсөл хөтөлбөр нь бэлэн биш байсны улмаас баахан хий хүү төллөө хэмээх шүүмжлэл дагуулсан Чингис бондын нэрийг ч мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн сайд Н.Батбаяр нар өгсөн гэдэг.
Харин өвөг дээдсийнхээ нэрийг өрийн бичгэн дээр наах болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Өнгөрсөн 12 дугаар сарын зургаанаас эхлэн хүү нь тооцогдож эхэлсэн тул Чингис хааны нэр жилд 70 орчим сая, 10 жилийн дараа гэхэд нэг тэрбум ам.долларын өрийн бичиг дээр бичээстэй байх юм. Тэгвэл ирэх 12 сард гаргана хэмээн төлөвлөж буй самурай бондын 0.5-1.5 хувийн хүүтэй өрийн бичиг дээр мөн л Өгөдэй хааны нэр залрах болж байна.
www.24tsag.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ