13 хүний аминд хүрсэн этгээд сэтгэцийн эмгэгтэй байжээ

Вашингтон хот дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний цогцолборт буун дуу гарснаар 13 хүн амь насаа алдаж дахин шуугиан дэгдээд байна. Амь үрэгдэгсдийн дотор буудсан гэмт хэрэгтэн ч бас байсан билээ. Өөрөөсөө гадна 12 хүний амь насанд хүрсэн этгээд сэтгэцийн эмгэгтэй байсан нь тогтоогдсон хэмээн эх сурвалжууд мэдээлэв.
Олон хүний амь насанд хүрсэн эр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан Техас муж улсын оршин суугч 34 настай Аарон Адексис гэгч байжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард эмнэлэгт үзүүлж сэтгэц нь бага зэрэг өөрчлөлттэй байж мэднэ гэсэн дүгнэлт хийлгэсэн байна.
Даваа гарагийн өглөө барагцаалбал 8.30 цагийн орчимд буун дуу гарч эхэлсэн байна. Буудсан этгээд хамгаалалттай байшинд хэрхэн нэвтэрч чадсан нь бас тодорхойгүй байна.Энэ хэрэг явдал болсонтой холбогдуулан Вашингтон хот дахь засгийн газрын олон байгууллагад аюулаас хамгаалах арга хэмжээ чангатгасан ч албаны хүмүүсийн хэлснээр, энэ хэрэг явдлыг террорын ажиллагаа хэмээн үзэх ямар ч үндэслэл байхгүй ажээ.
Өнгөрсөн хавар АНУ-д ах дүү Царнаевийн халдлагаас эхлээд гудамжинд иргэд рүү гал нээсэн зэрэг дуулиант хэрэг удаа дараа гарсан. Нэг хэсэг намжаад байсан галт зэвсгийн хэт задгай хэрэглээний улмаас гардаг энэ хэрэг дахин гарч эхэллээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ