“Хэцүү ангийнхан”-д хитмэнүүд хичээл зааж байна

УИХ-ын ээлжит бус чуулган Хөрөнгө оруулалтын тухай хуулийг маш хурдан батлахаар яаруу сандруу эхлэв. Энэ хуулийн төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр оруулж ирэхдээ, сүүлийн үед буураад байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Монголын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин таатай боллоо гэдэг мэдээллийг гадныханд өгөх зорилгоор боловсруулсан гэдгээ хэлэв.

Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчдыг дэрхийтэл үргээсэн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг гаргахад манлайлагчдын нэг нь байснаа эрхэм гишүүн Н.Батбаяр сайд болоод мартсан бололтой. Түүний санаачлан боловсруулсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаар алт олборлогч аж ахуйн нэгжүүд татварын ихээхэн дарамтад орж, Монголбанкинд тушаах алт хулгайн замаар талийж, улсын төсвийн орлого сувайрч эхэлсэн. Одоо амаа барихын эрхэнд Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Ийнхүү өнгөрсөн сонгуулийн босгон дээр шоу хийсэн энэ мэт хуулийн сөрөг үр дагавар эргээд өөрсдийнх нь толгой дээр бууж байна.

Хэрвээ Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдвал Гадаадын хөрөнгө оруулалтын болон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хоёр хууль шууд хүчингүй болох юм. Ер нь парламентын тогоон дотор халуухан маргаан тарьж байгаа дээрх хуулийн төсөл гадаадынхны зохиомол хээлтүүлгийн хүчээр төл хүлээн авахыг монголчуудад шууд тулгаж буй хэрэг юм биш байгаа. Ерөнхий агуулгынх нь хувьд аваад үзвэл энэ хуулийн төсөл гадаадын хөрөнгө оруулагчдад шууд зориулагджээ.

Тиймээс ч Азийн хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Стивэн П.Грофф “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээ, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна гэж онцолсон нь санамсаргүй хэрэг биш. Тухайлбал, тэрээр сүүлийн 20 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтөөр нэг хүнд ногдох орлогын түвшинг 4000 ам.долларт хүргэсэн амжилттай Монгол Улс нь эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг юм хэмээн цаасан малгай өмсгөөд Монголын эдийн засгийн ирээдүйд дэлхий нийтийн сонирхол хүчтэй байсан нь 2012 онд олон улсын бондын зах зээлийн хөрөнгө босгоход тусаллаа гэж дахиад өр тавихыг хөөргөджээ. Эцэст нь эдийн засгийн бодлого боловсруулагчид одоогийн нөхцөл байдлыг зөв зохистой удирдахын тулд төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна гэв.

Буурай орны улстөрчид энэ мэт олон улсын банк, санхүүгийн байгууллагын далбаан дор халхавчилж, үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхлыг төлөөлдөг эдийн засгийн алуурчдын гар хөл болдог нь нууц биш. Тэдний нэг адил манай зарим улстөрч Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт дуусч, дараагийн хөрөнгө оруулалт зогссон нь эдийн засгийн өсөлт саарах шалтгаан боллоо гэсэн гэнэн тайлбар хэлсээр байна. Тэгвэл Рио Тинто мөнөөх Дэлхийн банк мэтээс зээл авахын тулд манай Засгийн газраас нэмэлт санхүүжилтийг дэмжсэн захидал авах гээд байгаа нь дараа нь дааж давшгүй өрөнд хийх гэсэн далд санаархал биш гэдгийг юугаар батлах юм. Үндэстэн дамнасан корпорациуд хаа нэгтээ илүү хямд ажиллах хүч, газрын баялаг олдох юм бол шууд яваад өгдөг. Тэд иргэдэд маш их найдвар төрүүлж байгаад гэнэтхэн тэндээс явахад түүний үр дагавар нь үнэхээр аймшигтай байдаг. Харин тэд үр дагаврын талаар огтхон ч бодохгүй шийдвэрээ гаргадаг гэдгийг дэлхий дахин нэгэнт мэдэх болжээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд аливаа хөрөнгө оруулалтыг Н.Батбаяр сайдын ЭЗХЯ-ны дор шинээр байгуулах агентлагаас бүртгэлийн журмаар зохицуулахдаа хөрөнгө оруулагчид 100 мянган ам.долларын босго тавьж байгаа юм. Ингэснээр тэд мөнгөөр цохиж “Татварын орчинг тогтворжуулах гэрчилгээ”-ний эзэн болж, хөрөнгө оруулалтаа нөхөж дуустал тааваараа тарвалзах ажээ. 15 тэрбум төгрөг гэдэг дотоодын компаниудад тийм ч амар босгох мөнгө биш, харин 100 мянган ногоон бол гадаадын захын нэг доншуучийн халаасанд явдаг юм гэсэн эрхэм гишүүн Г.Уянгын үг үнэний хувьтай.

Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт гэж ялгаварлахгүй гэсэн мөртлөө босго давсан цөөхөн том нь татварын таатай орчинд умбаж, босго даваагүй олонх нь татварын урамшуулалд ч болтугай хэзээ ч хамрагдахгүй хоцрох юм. Үүний уршгаар хүчтэй нь хүчгүйгээ, том нь жижгээ залгина гэсэн үг.

Монголын парламент энэ хуулийг саадгүй баталбал түүнийг лоббидсон цөөн эрхмүүд Оюутолгойн гэрээнээс С.Баяр, С.Баярцогт нарын адил томоохон бялуу хүртэх нь гарцаагүй. Харамсалтай нь хожим Монголын төр, засаг “хэцүү ангийнхан”-ы хэдэн хүүхдээс болж төдийчинээ булуу хураана.

Ааяа доктор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ